ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Толгойтоос Баянхошуу хүртэлх авто замыг маргаашаас эхлэн гурав хоног хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар нийслэлд зургаан байршилд замын хөдөлгөөнийг хааж, засвар шинэчлэлийн ажил хийж байна. Маргааш дөрвөн байршилд зам засварын ажил эхлэх бол Нарны гүүр, “Хоум плаза", 25 дугаар эмийн сангийн уулзварын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ.

Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг маргааш буюу аравдугаар сарын 18-ний 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ гэж НЗХГ-аас мэдээллээ.

Уг замын засварыг энэ сарын 14-нд эхлэх хуваарьтай байсан боловч  асфальтбетоны үйлдвэрт гэмтэл гарч, хольц үйлдвэрлэх боломжгүйгээс хойшлогдсон юм.

Маргааш буюу аравдугаар сарын 18-нд хаагдах замууд:

  1. Яармагийн “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас аравдугаар сарын 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд, замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.
  2. Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас аравдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  3. “Петролиум” ШТС-ын уулзвараас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагаас аравдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

 Засвар хийж, хөдөлгөөнийг хаасан замууд:

  1. Кино үйлдвэрийн баруун талаас Доржийн гудамж хүртэл авто замыг аравдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагт нээнэ.
  2. Баянгол дүүрэг, Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагт нээнэ.
  3. Нарны зам буюу УБТЗ-ын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
  4. Баруун 4 замын уулзвараас буюу Нарны гүүрнээс  Нарны зам хүртэлх авто замын засварын ажил аравдугаар сарын 18-ны 06:00 цагт дуусна.
  5. “Хоум плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.
  6. Богд уулын арын авто зам буюу Скай ресортоос Их тэнгэр хүртэлх авто замыг аравдугаар сарын 21-ний 06:00 цагт нээнэ.