Маргааш буюу аравдугаар сарын 11-ний Баасан гарагийн орой Улаанбаатар хотын таван байршилд авто замын хөдөлгөөнийг хааж, засвар шинэчлэлийн ажил хийхээр болсныг НЗХГ-аас мэдээллээ. Зам засварын ажлыг гурав хоногт багтааж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
ХААГДАХ ЗАМУУД:
Гадаад Харилцааны Яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх зам аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хаагдана.
Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Уг замын тухайд хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой байна.
Нарны зам, УБТЗ-ын өртөөнөөс Барс захын уулзвар хүртэлх чиглэлийн авто замын урд хэсгийн эгнээг хааж засвар, шинэчлэлийн ажлыг аравдугаар сарын 11-ний 22:00 цагаас аравдугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Хан-Уул дүүрэг 24-р хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын авто замын засвар, шинэчлэлтийн ажил “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас аравдугаар сарын 14-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлийн замын урд хэсгийн эгнээг хааж засварлана.
Зам засварын үеэр авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Энэ онд Улаанбаатарын 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 47 байршилд 72.5 км авто замыг шинэчилжээ. Ирэх сарын 10-ныг хүртэл 70 дахь байршлын замыг засаж дуусгаад үлдсэн 17 байршлын авто замыг 2025 оны зургаадугаар сард багтааж шинэчилж дуусгахаар болсон байна.
Үүний дараа хоёрдугаар түвшний авто зам буюу Туулын хурдны замыг барихаар ажлын зураг төслийг шинэчилж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!