Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Яг л БАЙХГҮЙ юм шиг

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

-Хөндөх сэдэв-

Та хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өдөрт, байг гэхэд долоо хоногт хэдэн удаа таардаг вэ. Нийтийн тээвэрт, албан байгууллага, худалдаа үйлчилгээний төв, дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээний газарт таарч байна уу?

Харааны бэрхшээлтэй нэгэнд тусалж хажуугаас нь түшиж зам хөндлөн гаргаад, тэргэнцэртэй нэгэнд тусалж түүнийг түрж хүч нэмээд, сонсголгүй нэгэнд тусалж бусдын хэлснийг дамжуулан хүргэх ямар нэг оролдлого хийж байв уу?

Нийслэлд 38 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий

Энэ асуултанд дийлэнх нь ҮГҮЙ гэж хариулж мэднэ. Учир нь манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцохоосоо илүүтэй гэрийнхээ мухарт шигдээд суух нь илүү дээр гэж үздэг. Үүнд ч тэднийг буруутгах аргагүй юм..

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 110 мянга орчим иргэн бий. Эдгээр иргэдийн 38 мянга гаруй нь Улаанбаатарт амьдардаг. Нийслэлийг сая гаруй хүнтэй гэж тооцвол 27 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл би, чи, та хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг өдөр бүр харж, тэдэнд тусалж, тэд байдаг гэдгийг мэдэрч, тулгамдаж байгаа асуудал нь юу болохыг мэдээд байж болно гэсэн үг. Гэтэл...

Төрд мартагдсан иргэн

Ингэж хэллээ гээд буруутгах хүнгүй гэж итгэж байна.

Яагаад?

Учир нь манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “хаалттай”. Тиймээс л тэдгээр иргэдийн дийлэнх нь гэрийнхээ мухарт бүгэж, өдөр хоногийг өнгөрөөж сууна.

Тэд гарах дургүйдээ, хэн нэгнээс нэг зүйлээр дутуу гэж бодсондоо, гутарсандаа гэрээсээ гардаггүй гэвэл эндүүрэл. Харин ч эсрэгээрээ илүү их урам зориг, хийж бүтээх гэсэн чинь хүсэл, зорилго тэмүүлэл эдгээр хүмүүст байдаг, анзаарагддаг.

Ганц амьдрах энэ амьдралыг бусдын адил аз жаргал, баяр хөөртэй өнгөрөөхийг хүсдэг. Харамсалтай нь тэдгээр иргэдийг нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох боломжийг бүрдүүлсэн орчин нөхцөл манай улсад алга.

Гэрээсээ гарлаа... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээвэр (огт байхгүй), зам, талбай, үзвэр үйлчилгээний газар, сургалт дамжаа, ажлын байр нийслэл хотод хуруу дарам цөөхөн.

Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд байдаггүй юм шиг бид амьдарцгаадаг. Тэд ч байхгүй юм шиг чимээгүйхэн амьдардаг.

110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөлх эрхээ эдэлж чадахгүй байна

Гэтэл НҮБ-аас баталсан Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд "Хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий" хэмээсэн байдаг. Гэтэл манай улсын 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэхүү төрөлх эрхээ төдийлөн эдэлж чадахгүй байгаа нь үнэн. Энэ эрхийг эдлэх боломж бололцоог ч төр бүрдүүлж өгч чадахгүй сууна. Тэр ч бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх гэсэн хууль тогтоомжоор баталгаажсан тусгай эрх ч алга.

Гэнэтийн том өөрчлөлт хэрэггүй

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэнэтийн том өөрчлөлт хэрэггүй. Тэд ч үүнийг хүсээгүй. Харин тэргэнцэртэй иргэдэд зам хөндлөн гарахад саадгүй зорчих тусгайлсан налуу зам, харааны бэрхшээлтэй иргэдэд замын дуут дохио гэхчилэн аар саархан зүйл нэн түрүүнд хэрэгтэй байна.
  • Тэдэнд зориулсан нийтийн тээврийн шийдэл хэрэгтэй байна. Бие даан ганцаараа яваад, үзвэр үйлчилгээ төвөггүйхэн үзчих наад захын жижигхээн асуудлыг л шийдэх хэрэгтэй байна.
  • Өөрөөр хэлбэл, нийслэл хотын их бүтээн байгуулалтыг барихдаа анхнаас нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тооцоолон бодож, тэдэнд шаардлагатай шийдлийг тусгаж өгөх хэрэгтэй байна. Түүнээс биш том төрийн мундаг бодлого төдийлөн хэрэггүй юм.

Үр дүн хүлээж сууна

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд Улаанбаатар хотод шинээр барьсан болон засварласан  явган хүний есөн зам, уулзваруудад өөрсдийн биеэр (тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд) үнэлгээ хийсэн.

2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр

 Гол зорилго нь дээрх замуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төлөвлөлт, шийдэл байгаа эсэх, хийсэн бол хийгдсэн төлөвлөлтүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэхийг мэдэх.

Үнэлгээний багт ХАХНХЯ-ны ХБИХХ, Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөллүүд оролцон хамтран ажилласан бөгөөд нэгэн зөвлөмж гаргасан юм.

Энэхүү зөвлөмжийн дагуу ЭЗХЯ-наас албан тоот ирүүлсэн бөгөөд үнэлгээний үр дүнд гарсан зөрчилтэй хэсэг болох Тасган, Саппоро, Мишээл Экспогийн гурван уулзварыг 2014 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө дахин засварлаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шийдлийг тусгасан стандарт нөхцлийг хангуулахаар болжээ.

Энэ амлалт хэн нэгэн даргын хувьд уншаад, тэмдэглээд өнгөрсөн зүйл байж болох хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүлээлт үүсгэсэн нэгэн хүсэл нь юм гэдгийг ЭЗХЯ-ны холбогдох албан тушаалтан анхааралдаа авч, амласан амлалтаа заавал биелүүлнэ гэж итгэж байна.

Ингэж чадвал, энэ мэт ажлуудыг эхнээс нь нэг нэгээр нь хийгээд байвал хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань гэртээ суухаасаа илүүтэй нийгэмдээ оролцож, түүний хэрээр жирийн иргэд бид тэднийг илүүтэй мэдэрч, харж, дэмжиж, урам зориг өгөх болов уу.