Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало наймдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Өнөөдөр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараа хамтарсан мэдээлэл хийлээ.
Сайд Энрикэ А.Манало "Гадаад харилцааны сайд болон Монгол Улсын Засгийн газарт халуун дотноор хүлээн авсанд маш их баярлалаа. Миний айлчлал нь Бүгд Найрамдах Филиппин Улсаас Гадаад хэргийн сайдын хувьд Монгол Улсад хийж буй анхны хоёр талт албан ёсны айлчлал болж байна.
Энэ бол манай хоёр улсын албан ёсны хоёр талт, он удаан үргэлжилж байгаа 50 жилийн ойн харилцааг тэмдэглэж буй арга хэмжээний нэгэн зохистой хэсэг юм.
Филиппин болон Монгол Улс нь ардчилал, эрх чөлөө, эрх зүйг дээдлэх ёсыг эрхэмлэдэг ижил үнэт зүйлтэй. Манай хоёр улс гаднын нөлөөллөөс ангид, өөрсдийн стратегийн агентлагууд бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон улсууд бөгөөд тус бүрийн зам мөрөө зураглаж явахаар тууштай шийдсэн билээ.
Филиппин улсын бие даасан гадаад бодлого нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлоготой нийцэж байгаа юм.
Манай хоёр орны Засгийн газар мөн адил хурдацтай хөгжиж буй эдийн засгийнхаа ногдол ашгийг өөрсдийн ард түмэндээ хүргэхийг хичээдэг нийтлэг үнэт эрмэлзлээр нэгдэж байдаг.
Б.Батцэцэг сайд бид хоёр манай хоёр орны эдийн засаг, хоорондын худалдааг дэмжих хөгжүүлэх талаар ярилцсан. Тэр дундаа манай бизнесийн бүлгүүдийн хооронд харилцаа тогтоох замаар дэмжиж, мөн хөдөө аж ахуй, эрдэс баялаг, спорт, боловсрол, Монгол Улсын төрийн албан хаагчдын дотоод чадавхыг бэхжүүлэх чиглэлээр англи хэлний сургалтын салбарт хамтран ажиллах боломжтой гэдгийг ярилцсан.
Миний хувьд Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай хоёр улсын Гадаад харилцааны яамдын хооронд спортын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гамшгийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахад эв санааны нэгдэлтэй буйгаа илэрхийлсэн.
Хоёр талын харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын хүсэл эрмэлзлээ илэрхийлж, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд хамтдаа сонирхож буй хоёр талын болон олон улсын асуудлаар хамтран ажиллах, зохицуулах талаар хоёр талдаа үүрэг хүлээж байгаа юм.
Филиппин, Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх, зэвсэг хураах, хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэх үүрэг, гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ үзүүлэх чиглэлээр харилцан биенээ дэмжин ажиллахаа илэрхийлсэн.
Энэ үүднээс Б.Батцэцэг сайдад дүрэм журамд суурилсан олон улсын дэг журамд тулгарч байгаа сорилтуудын хүрээнд олон улсын эрх зүйг нотлон бататгахын ач холбогдлыг онцлон хэлсэн.
Иймд Филиппин улс 2027-2028 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр нэр дэвшиж байгааг онцлон тэмдэглэсэн. Филиппин нь тууштай түнш зам мөрийг эрэлхийлэгч, энхийг сахиулагч гэдгээ бататган харуулж чадсан амжилтаар уг асуудлаар хэлэлцэхийг санал болгож байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!