Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Тэрбээр айлчлалынхаа үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхах юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг таныг халуун дотноор хүлээж авсан явдалд талархаж байгаагаа илэрхийлье. Бидний хэлэлцээр амжилттай боллоо. Өнгөрсөн долоо хоногт манай улсын нийслэл Вашингтон хотноо анх хэлэлцээр хийсэн. Үүний үргэлжлэлийг өнөөдөр Монгол Улсад хийж байгаадаа баяртай байна.
Монгол Улс дахь миний айлчлал нь Лаос, Вьетнам, Япон, Филиппин, Сингапурын дараа хийж буй бөгөөд энэ бүс нутагт хийж буй 18 дахь айлчлал болж байна. Тус айлчлал нь Ерөнхийлөгч Жо Байдены "Бидний хамтарсан ирээдүй нь энэ бүс нутагт үргэлжилнэ" гэж хэлсэнтэй холбоотой юм.
Монгол Улс бол энэ бүс нутгийн чухал түнш гэдгийг онцолъё. АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд манай хоёр орны харилцаанд онцгой анхаардаг.
Өнөөдөр манай хоёр улс бүх талаар нягт харилцаатай болж байна. Бид эдийн засгийн замын зураглал гаргаж, нийлүүлэлтийн сүлжээ болон эдийн засгийн хамааралтай байдлыг бууруулах, ажлын байрыг шинээр бий болгоход хамтран ажиллах болно.
Мянган сорилтын сангийн гэрээний дагуу түншлэлээ улам өргөжүүлнэ гэж найдаж байгаа илэрхийлье. Энэ гэрээний дагуу Монгол Улсын усны хангамжийн нөөцийг 80 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр манай хоёр орны бизнесийн түншлэл шинэ шатанд гарна гэж бодож байна.
Өнгөрсөн долоо хоногийн айлчлалын үр дүнд хийсэн гэрээгээр хоёр улсын худалдаа болон аялал жуулчлалын салбар илүү өргөжнө.
Түүнээс гадна нэмж нэг зүйлийг хэлэхэд манай улсад хэдэн мянган монголчууд ажиллаж, суралцаж байна. Үүний нэг жишээ нь танай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ билээ.
Мөн их сургуультай хамтран англи хэлний сургалтын төвийг шинээр байгуулна. Энэ төвийг бид Их Британи, Австрали, Канад болон "Google"-тэй хамтран хэрэгжүүлнэ. Энэ төслийг монголчууд өөрсдөө удирдаж, хамтран ажиллаж авч явах болно.
АНУ болон Монгол Улс нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудал дээр хамтран ажилладаг. Монгол Улс нь Солонгосын хойгийн асуудлаар тогтвортой байр суурьтай байдагт үргэлж талархдаг.
Монгол Улс нь 35 жилийн өмнө сонгууль зохион байгуулж, Ардчиллын төлөө саналаа өгсөн түүхтэй. Бид ардчиллыг илүү бэхжүүлэхэд нь тус болно. Үүний хүрээнд сайн засаглал, хууль дээдлэх ёс, авлигалалтай тэмцэхэд болон хүний эрхийн суурь эрх чөлөөний асуудал дээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлье.
Энэ хүрээнд шашин шүтлэг, эмзэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахад цаашид анхаарна. Тэр тусмаа хүний наймааны хохирогч болсон болсон хүүхдүүдийг хамгаалах зайлшгүй шаардлагатай.
Тиймээс ирэх жилүүдэд хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
Бид өдөр бүр Америк, Монголын харилцааг шинэ шатанд гарч буйг харж байна" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!