Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт их өртөж байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 7 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын ерөнхий прокурорын газар (УПЕГ)-аас энэ оны эхний хагас жилд бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг өглөө. 

УПЕГ энэ оны эхний хагас жилд нийт 57,471 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 45,651 хэрэг бүртгэлтийн хэрэг, 15,324 мөрдөн байцаалтын хэрэгт тус тус хяналт тавьж, 8,139 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 77.5 хувь нь Нийслэлд, 22.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өсжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна

Прокуророос Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 631 хэрэгт хяналт тавьж, 261 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 86 хүнийг насны байдлаар нь авч үзвэл, дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал

  • 22.9 хувь нь 18-30,
  • 57.6 хувь нь 31-44,
  • 18.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаа бол 94.3 хувь нь эрэгтэй, 5.7 хувь нь эмэгтэй байна.

Мөн 64.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа ба 42 хувь нь согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.

зураг
 
УПЕГ

Хүүхдүүд Эрүүл мэндийн болон бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт их өртөж байна 

Прокуророос хүүхэд хохирсон 2,054 хэрэгт хяналт тавьж, 611 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Үүнээс 70.2 хувь нь Нийслэлд, 29.8 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Мөрдөн байцаалт явуулсан хүүхэд хохирсон хэргийг төрлөөр нь авч үзвэл,

  • “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” 340 гэмт хэрэгт,
  • “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх /хүүхдийн эсрэг/” 14 гэмт хэрэгт, 
  • “Хүчиндэх” 189 гэмт хэрэгт,
  •  “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” 77 гэмт хэрэгт,
  • “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” 74 гэмт хэрэгт хүүхэд өртөж, хохирсон байна.