Ирэх Лхагва гарагаас 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шилжилт хөдөлгөөнийг зогсооно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт улс даяар 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр явагдана.
17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 46 мандаттай.
Хуульд зааснаар Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг нөхөн сонгууль гэж ойлгоно. Энэ жилийн судалгаагаар Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон 47 орон гарсан тул нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон.
ИТХ-ын төлөөлөгчдийн орон тоо гарсан шалтгаан: нас барсан 22, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан 3, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан 5, тухайн орон нутгаас шилжсэн-6, энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 10 байна.
Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:
- Архангай аймгийн Ихтамир сум
- Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
- Баян-Өлгийн Буянт сум
- Булган аймгийн Хангал сум
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сум
- Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
- Дорнод аймгийн Чойбалсан сум
- Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум
- Өмнөговь аймгийн Ноён сум
- Сүхбаатар аймгийн Уулбаян сум
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
- Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
- Увс аймгийн Давст, Түргэн сум
- Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
- Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
- Хэнтий аймгийн Батширээт сум
- Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэг.
Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичигддэг. Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй election.burtgel.gov.mn цахим хуудаснаас танилцах боломжтой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
