"Каннабис нь дэлхий даяар түгээмэл байдаг мансууруулах бодис бөгөөд НҮБ-ын конвенцоос каннабисыг хассан гэсэн мэдээлэл нийгэмд буруу ойлголт төрүүлж байна" гэдгийг Цагдаагийн Ерөнхий газар(ЦЕГ)-аас мэдээлэв.
Тухайлбал, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2010 оны тайланд Монгол Улсыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис дамжин өнгөрүүлэгч гэж үзсэн байсан бол 2014 онд хэрэглэгч хэмээн дүгнэжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр "Сүүлийн гурван жилийн хугацаанд 143,043 хүний нэг удаа мансуурах хэмжээний эм, бодис хураан авч хууль бус хэрэглээг таслан зогсоов.
Энэ төрлийн хэрэгт холбогсдын 80 орчим хувь нь бусдыг дуурайх, хууль эрх зүйн талаар мэдлэггүй улмаас хэрэглэж үзсэн байна. Мөн ахуйн хэрэглээний зүйл хэрэглэж мансуурдаг 72 хүүхдийг олж тогтоон эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн.
Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2021 оны тайланд 2030 он гэхэд хөгжиж буй орнууд дахь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчдийн тоо 43 хувиар нэмэгдэнэ гэсэн дүгнэлт гаргажээ.
Мансууруулах эмийн комиссын 63-р хуралдаанаар 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн IV жагсаалтаас “каннабис болон каннабисын резин“-ийг хассан боловч уг конвенцын нэгдүгээр жагсаалтад мансууруулах зорилгоор ашиглах нь хатуу хориотой гэж тэмдэглэсэн байна.
Манай улсын хувьд олон улсад каннабисыг зөвшөөрсөн гэж буруугаар ойлгох хүн цөөнгүй байна.
Каннабист 100 гаруй төрлийн бодис байдгаас нэг нь каннабидиол буюу CBD юм. Шинжлэх ухааны үүднээс CBD нь бүрэн судлагдаагүй бодис бөгөөд хорт хавдрыг эмчилдэг гэх эмнэл зүйн судалгаа байхгүй.
Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиар эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоос бусад тохиолдолд тэдгээрийн түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|