Консул асан Д.Мөнх-Эрдэнийг “ ...Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн...” гэх үндэслэлээр цагдан хорьж байгаа.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр түүний цагдан хориог цуцалж, тодорхой газруудаар зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, бусад газар зорчихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/хахууль авах/, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/худал мэдээлэл тараах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт/Хууль сахиулагчийг эсэргүүцэх/ тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Түүний гэм бурууг шүүх хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагт товлогджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
|