Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлаас 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр баталсан.
Уг хууль 2023 оны нэгдүгээр 21-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах зарчмын өөрчлөлтийг тусгажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид:
- Халдашгүй бүрэн эрхээр "халхавчлан" хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох өөрчлөлтийг тусгалаа.
- Нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд бүх насаар хасаж, авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх нэмэлтийг хуульчлав.
- Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгохоор тусгалаа.
- Сэжигтэн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс эхлэн зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт оруулсан зарчмын өөрчлөлтийг тоймловол:
- Авлигын зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасав;
- Хорих ялын хэмжээг нэмэгдүүлэв;
- Зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг нэмэгдүүлж, авлигын зарим гэмт хэрэгт оногдуулах ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг хасав;
- Нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хэмжээг нэмэгдүүлж, энэхүү нэмэгдэл ялыг зарим гэмт хэрэгт бүх насаар нь нь оногдуулахаар хуульчлав.
- “Нийтийн албан тушаалтан” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан албан тушаалтнаас гадна байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг хамааруулахаар;
- “Нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасахыг ойлгохоор;
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт:
/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг/
- 22 дугаар зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг бүхэлд нь хасав;
- 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан байсан давхардал, зөрчлийг арилгаж оногдуулах ялыг ялгамжтай болгов;
- 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ял 2-5 жил байсныг 2-8 жил, хорих ял 1-5 жил байсныг 2-8 жил болгон нэмэгдүүлэв.
- 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектэд улс төрд нөлөө бүхий этгээдээс гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтныг хамааруулан өргөжүүлж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 5-8 жил байсныг бүх насаар хасах, хорих ялын хэмжээ 2-8 жил байсныг 5-12 жил болгон тус тус чангатгав.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт:
/Хахууль авах гэмт хэрэг/
- Хахууль авах гэмт хэргийг Нийтийн албан тушаалтан хахууль авах /22.4 дүгээр зүйл/, Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах /Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйл/ гэж субъектээр нь ялгаж, оногдуулах ялын бодлогод өөрчлөлт оруулав;
- 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах ялаас торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус хасав;
- 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль /нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг/ авсан бол уг оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 8 жил хүртэл байсныг 5-8 жил, хорих ялын хэмжээ 2-8 жил байсныг 5-12 жил болгон тус тус нэмэгдүүлэв;
- 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг бүх насаар оногдуулж, хорих ялын хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жил болгон чангатгав.
Эрүүгийн хуулийн 22.6 дугаар зүйлд оруулсан өөрчлөлт:
/Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах гэмт хэрэг/
- 22.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар нэмэгдүүлэв.
Эрүүгийн хуулийн 22.7 дугаар зүйлд оруулсан өөрчлөлт:
/Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэрэг/
- 22.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл оногдуулахаар байсныг 2-5 жил байхаар нэмэгдүүлэв.
- Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах нэмэлтийг тусгав.
Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд оруулсан өөрчлөлт:
/Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг/
- 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол энэ гэмт хэрэгт тооцох тайлбарыг нэмж хуульчлав.
- 22.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасан улсын төсвийн, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсан гэмт хэрэгт оногдуулах ялын нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл хугацаагаар нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгав.
- 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нэмэлтийг тусгалаа.
Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт:
/Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг/
- 22.9 дүгээр зүйлд заасан Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оногдуулах ялд нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нэмэлтийг хуульчлав.
Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд оруулсан өөрчлөлт:
/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг/
- 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2 жил хүртэл байсныг 2-8 жил, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын хугацаа 6 сараас 3 жил байсныг 1-5 жил болгон ялын бодлогыг чангатгав.
- Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн гэсний “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох тайлбарыг нэмэв.
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2-5 жил хүртэл байсныг бүх насаар хасахаар нэмэгдүүлж, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял 1-5 жил хүртэл байсныг 2-8 жил хүртэл болгон чангатгалаа.
Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт:
/Дураараа аашлах гэмт хэрэг/
- 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан дураараа аашлах гэмт хэргийн шинжийг тодорхой болгож нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор, энэ гэмт хэрэгт оногдуулах нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл болгон нэмэгдүүлж, бусад ялын хэмжээг хэвээр үлдээв.
- Дураараа аашлах гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулж, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг 1-5 жил хүртэл хугацаагаар оногдуулах нэмэлтийг хуульчлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх авлигын гэмт хэрэгт:
- Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдэх гэмт хэрэг;
- Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдэх гэмт хэрэг;
- Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдэх гэмт хэрэг.
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгадаг байсныг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газар шалгах өөрчлөлтийг хуульчиллаа.
Эх сурвалж: Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!