Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Даваа гарагт нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүд цахимаар хичээллэнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Тодруулбал, цаг агаарын байгууллагаас ойрын өдрүүдэд цочир хүйтэрч, цас их хэмжээгээр орно гэж мэдээлж байгаатай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 28-ны өдөр ЕБС-ууд цахимаар хичээллэх болон нийслэлийн төрийн байгууллагын албан хаагчдын тодорхой хувь нь цахимаар ажиллах тухай захирамж дөнгөж сая батлагдсан тухай Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга:

  • Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх;
  • Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах;
  • Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;
  • Чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах;
  • Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчилж, хязгаарласан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллах;
  • Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдан ажиллах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тус өдөр зах, худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Мөн захирамжийн хүрээнд байгууллагын албан хаагчдын 50-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөлөө.