Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж, мэдээлэл өглөө.

Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн хуралдааны тэмдэглэлээр Улаанбаатарт нэгэнт олгосон газрын зөвшөөрөл шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавина. Харин шинээр газар олгож, шилжүүлдэг, талбайн хэмжээг өөрчилдөг, архитектуруудын даалгавар өгдөг байдлыг зогсоох үүргийг Нийслэлийн Засаг дарга, Барилга хот байгуулалтын сайдад өгсөн гэдгийг онцлов.

"Ирэх оны эхэн гэхэд замын хөдөлгөөний ухаалаг хяналтын систем бий болгож, автомашинуудыг цахим гэрчилгээнд хамруулна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Замын хөдөлгөөний зохицуулалтын олон системийг ухаалаг биш байна гэж иргэд ихээр шүүмжилдэг. Тиймээс ирэх оны эхэн үе гэхэд энэ чиглэлээр хот дээр хэрэгжиж байгаа төслийг Зам тээврийн яамтай хамтран амжилтад хүргэнэ. Ингэж ухаалаг хяналтын системийг бий болгосноор замын хөдөлгөөний бүрэн хэмжээний зохицуулалт, бүртгэл хийх бололцоо үүсэж байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврууд өгөгдсөн. Ингэснээр автомашинууд цахим гэрчилгээнд хамрагдаад явна" хэмээн хэлсэн юм.

"Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй"

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд сайд Ж.Сүхбаатарын хийсэн танилцуулгатай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгчээ. Тодруулбал,

  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,
  • Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд авто замын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,
  • Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон  сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,
  • Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/810060890334071