Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдыг бүлэглэн зодож, шатаасан 15-25 насны таван этгээдийг баривчилж, гурвыг нь шүүхийн шийдвэрээр цагдан хорьжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн Баасан гарагт 21:21 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна” гэх дуудлага Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс бүртгэгджээ.

Энэ дагуу шалгахад 26 настай, эрэгтэйг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусадтай буюу 15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У” нартай бүлэглэн хохирогчийн бугуйн цаг, гар утас зэргийг нь дээрэмдэн зодож, улмаар банкны картны нууц дугаарыг нь хэлүүлэхийн тулд нүцгэлэн дээрээс нь шатамхай шингэн цацаж, гал тавин шатаагаад хэргийн газраас зугтсан нөхцөл тогтоогдсон байна.

Цагдаагийн алба хаагчид дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилжээ.

Мөн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилж, 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн “Т”-г 30 хоног, 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр “Э”, “Э” нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорих, “Р” болон “У” нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул яллагдагч “Р”, “У” нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.