Хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн гуравны нэг буюу 800 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр Төрийн өмчит компаниудад ногдож байгаа. Энэхүү төрд хамаарах өрийн хамгийн том зээлдэгчдийн 600 орчим тэрбум өрийг барагдуулах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Ингэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргуулахгүй, төрийн өмчийн компаниудын дотоод нөөц бололцоог ашиглаж төлөхөөр шийдвэрлэжээ.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн дийлэнх хэсгийг ийнхүү шийдвэрлэсээр банкны үйл ажиллагаа, зээлжих зэрэглэл сайжирч, олон улсад нэр хүнд өсөх, цаашлаад Засгийн газрын баталгаа бүхий “Самурай” бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулах юм гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул тайлбарласан.
Монгол улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй, зээлийг зориулалтын бусаар ашигласан, зээлийн гэрээ зөрчсөн зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах, төрд учирсан хохирлыг нэхэмжилж барагдуулах, гэм буруутай этгээдэд хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх бүхий л арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, ТӨБЗГ /Б.Цэнгэл/, Хөгжлийн банкны ТУЗ /Ж.Ганбат/ нарт даалгасугай гэж Засгийн газрын тогтоолд дурджээ.
Т.Сүрэнчимэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!