Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчих шийдвэр гарсан тул орон нутгийн нислэгийг нэмэгдүүлэхэд анхаарахыг Элчин сайд нь хүслээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр уулзаж хоёр улсын тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Талууд Монгол, Солонгосын хоорондын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй нислэгийн асуудлаар түлхүү санал солилцон ярилцаж, сайдын зүгээс аялал жуулчлалын улирал ирж байгаатай холбоотойгоор “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зөвшөөрлийг саадгүй олгох, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын иргэд, тэр дундаа БНСУ-ын эмнэлэгт үзүүлж, хяналтад байдаг иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хил дээрх хязгаарлалтын дэглэмийг сулруулах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг хүсэв.

зураг
 
Зам, тээврийн хөгжлийн яам

Мөн БНСУ-ын Яньян, Чежү хотуудаас гүйцэтгэх жуулчин тээврийн захиалгат нислэгт Монголын тал зөвшөөрөл олгож дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Элчин сайдын зүгээс Монголын талаас санал болгож буй асуудлуудыг өөрийн улсын холбогдох байгууллагуудад уламжилж өгөхөө мэдэгдээд БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих шийдвэр гарсантай холбоотойгоор дотоодын орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэхэд анхаарахыг хүслээ.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам