Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн ногоон бүсийн газрыг дуудлагаар худалдан олсон хөрөнгийг цөлжилттэй тэмцэхэд зарцуулах санал гаргав

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан.

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр өнөөдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудал, тавьсан саналыг сонслоо. Уулзалтад Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Нямбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд нар оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогчтой уулзсан эхний хүн бол Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн З.Лхагвасүрэн байлаа. Тэрбээр үндэсний хэмжээнд өрнөж буй “Тэрбум мод” аяныг үр дүнтэй зохион байгуулахад чиглэсэн санал дэвшүүлж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр тодорхой хэмжээний газар авч, тус газраа ойжуулан, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Хот орчмын ногоон бүсэд газрыг өндөр үнээр худалдан борлуулж байгааг шүүмжилж, нийслэлийн ногоон бүсийн газрыг дуудлагаар худалдан олсон хөрөнгийг цөлжилттэй тэмцэхэд зарцуулдаг байх нь зүйтэй юм гэсэн саналыг дэвшүүлж байлаа.

Байнга тарьдаг хэдэн нэр төрлийн мод бутнаас гадна жимс, жимсгэнэ, гоёлын мод тарих боломжтой

Түүний санал хүсэлтийг сонссоны дараа Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баттөр “Тэрбум мод аяны хүрээнд нийслэл хот 120 сая мод тарьж ургуулах хариуцлагын гэрээг Байгаль орчны яамтай байгуулсан. Иргэд мод бут сөөг тарих идэвх санаачилга гаргаж байгаа нь маш сайн хэрэг. Байнга тарьдаг хэдэн нэр төрлийн мод бутнаас гадна жимс, жимсгэнэ, гоёлын мод тарих бүрэн боломжтой” гэсэн юм.  

Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Нямбаяр “Хот орчмын ногоон бүс болон гэмтсэн ойд мод тарьж ургуулахад татгалзах зүйлгүй.

Харин газар ашиглах, өмчлөх асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хариуцдаг. Тиймээс таны сонгосон байршил, санал, хүсэлтийг  харьяалах дүүргийн Газар зохион байгуулалтын алба судлаад хариу өгөх болно” гэв.

Хан-Уул дүүргийн иргэн өөрийн зохион бүтээсэн төмөр гадаргуутай орос технологийн зуухаа танилцуулав

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Хан-Уул дүүргийн иргэн Ш.Итгэлт өөрийн зохион бүтээсэн төмөр гадаргуутай орос технологийн зуухаа танилцуулж, уг зуухыг шинэлэг бүтээлд бүртгүүлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Тэрбээр зохион бүтээсэн зуухаа утаагүй түлшний зуух болон бусад олон төрлийн зуухтай харьцуулан танилцуулж, орос технологиор бүтээсэн, ашиглалтын давуу тал олонтой гэдгийг тодотгож байлаа.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Иргэд та бүхний шинэ санал, санаачилга, шинэлэг бүтээлийг дуртайяа хүлээн авах болно. Таны бүтээлийг дахин нягталж хариу өгөх болно” гэсэн юм.