Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ татан буугдсанаар төсөл хэрэгжүүлэх ажилд өөрчлөлт орохгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгасан.

Үүнтэй холбоотойгоор Дүүжин тээвэр нэвтрүүлэх төсөл хэрхэн үргэлжлэх талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан албаны эх сурвалжаас тодруулахад "Уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн статус нь л өөрчлөгдөж байгаа.

Өөрөөр хэлбэл, уг төсөл цааш хэвээр үргэлжлэх бөгөөд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ татан буугдсанаар төсөл хэрэгжүүлэх ажилд ямар нэг өөрчлөлт орохгүй.

Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар гэдэг статус нь буруу гэж үзсэн тул зөвхөн статусыг нь өөрчилсөн. Одоо тус газар нь Франц улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэгчийн л статустай болсон гэсэн үг.

Нийслэлийн нийтийн тээвэрт Дүүжин зам тээвэр нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Франц болон Монгол Улсын Засгийн газрын хооронд хийсэн гэрээ бий. Тиймээс энэ төсөл Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу явагдах ёстой" гэсэн тайлбар өгөв.

"Дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийн маршрут чиглэлд нь бага зэрэг өөрчлөлт орж байгаа"

Мөн энэ тухай Шадар сайд С.Амарсайхан “Энэ төсөл зогсохгүй. Өмнө нь байгуулагдсан ажлын хэсэг, төслийн нэгжийн зохион байгуулалтыг өөрчилж, шинэчилж байгаа.

Үүний ажлын хэсэг Сангийн яам дээр байгуулагдах бөгөөд нийслэлтэй хамтарч энэ төслийг цааш хэрэгжүүлэхээр болж буй гэсэн үг.

Түүнээс УИХ-аар батлагдсан төсөл зогсоно гэдэг асуудал байхгүй. Миний ойлгож байгаагаар, зарим маршрут чиглэлд нь бага зэрэг өөрчлөлт орж байгаа.

Дүүжин тээвэр бол хамгийн зөв шийдлүүдийн нэг. Учир нь газар чөлөөлөлт бага орохоос гадна байгаль орчинд ээлтэй. Мөн дэлхийн олон хот ихээхэн нэвтрүүлж байгаа нийтийн тээвэр” хэмээн өнөөдөр хэвлэлүүдэд ярилцлага өгсөн юм.

Эргэн сануулахад,  Анх Улаанбаатар хотод Агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ хэмээн УОК-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулахдаа "2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно" хэмээн хэлж байв. 

Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулж, түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл "Шилэн данс" системд байршсан байдаг. 

Түүнчлэн 2021 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ₮51.9 саяар эд хогшил авч, ₮242.9 саяыг цалинд зарцуулсан бөгөөд 2022 онд нийслэлийн төсөвт дахин 490 гаруй сая төгрөгийг суулгаад байгаа юм.