Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийн нэгээр "Агаарын дүүжин тээвэр" нэрлэгдээд удаж буй.
Уг төслийн ажилд зориулагдан энэ онд 414 сая гаруй төгрөг төсөвлөсөн ч юу хийсэн нь тодорхой бус байна.
Тодруулбал, Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийг одоогийн Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа танилцуулсан.
Түүнээс хойш долоон сарын дараа буюу 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулсан байдаг.
Ингэхдээ нийслэлийн Засаг даргын орлогчийн 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийн захирамжаар тухайн газрын орон тоог есөн хүний буюу
Улмаар уг төсөлд зориулан 2021 онд 414.3 сая төгрөг төсөвлөгдсөн нь “Шилэн данс” системд байршжээ.
Үүнээс одоогоор урсгал зардалд 341,460,631 төгрөг зарцуулаад байгаа бөгөөд 51,995,200 төгрөгийг нь эд хогшил, багаж, техник хэрэгсэл, тавилга худалдан авсан гэж мэдүүлсэн байна.
Мөн цалин хөлс болон нэмэгдэл урамшилд нийт 310.6 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 242.9 саяыг зарцуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын 2021 төсвийн зарлагын төлөвлөгөөг харвал, уг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын ажилчдын цалинд сар бүр 25.9 сая төгрөгийг цалинд зарцуулахаар тусгажээ.
Эндээс тус газрын нэг ажилтан сар бүр дунджаар 2,875,000 төгрөгийн цалин авдаг гэж тооцож болохоор байна.
Байгуулагдаад жил гаруй болж буй дээрх байгууллагыг хариуцсан төслийн ажил ямар шатандаа байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс тодруулахад "Дүүжин тээврийн төслийн ажил эхлээгүй” хэмээн асуултад хариулаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Д.Цэнд гэх эрхмээс тодруулахыг хүслээ.
Энэ талаар тухайн байгууллагаас өөрсдөөс нь тодруулахыг оролдож, холбогдох дугаарууд руу олон залгасан ч огт хариу өгсөнгүй.
Ямартай ч Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаанд улсаас хөрөнгө төсөвлөгдөж, зарлага гарсан ч ажил нь эхлээгүй, мөн тухайн байгууллага өдийг хүртэл ямар бодитой ажил хийсэн нь тодорхойгүй бөгөөд хаалттай хэвээр байна.
Ташрамд дурдахад, 2020 оны наймдугаар сард төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл "Шилэн данс" системд байршсан байдаг.
Харамсалтай нь уг хөрөнгөөр юу хийгдсэн нь ч өдийг хүртэл бас л тодорхойгүй байгаа.
Мөн тус төслийг хэрэгжүүлэх “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” УТҮГ-т гадаадаас урилгаар ажиллах 12 мэргэжилтнийг хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоолыг энэ оны долдугаар сарын 7-ны өдөр Засгийн газраас гаргаж байв.
Түүнээс гадна, ирэх буюу 2022 оны улсын төсөвт анх удаа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж 420 тэрбум төгрөг тусгасан. Тэгвэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах 18 зорилт бүхий төлөвлөгөөнд Агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төсөл ч багтаад буй юм.