ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Зориглон: Муур хэзээ ч амьд хүн рүү дайрч, иддэггүй. Энэ бол ямар ч логикгүй зүйл

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд муур гэмтээснээс болж хоёр сартай хүүхэд нас барсан байж болзошгүй хэрэг энэ сарын 8-нд гарсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. 

Уг мэдээлэл цацагдсаны дараа олон нийтийн сүлжээнд муураа хаях, хөнөөх зэрэг зүй бус үйлдлүүд гарч байгаа талаар пост, зургууд хөвөрч байна. Мөн гэртээ амьтан тэжээдэг иргэд муур ингэх боломжгүй талаар үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм. 

Тэдний төлөөлөл болгон амьтны эрх хамгаалагч, Азтай савар ТББ-ын тэргүүн Ц.Зориглонгийн байр суурийг сонслоо. Гэхдээ энэ нь тус төрийн бус байгууллагын байр суурь биш гэдгийг тодотгохын зэрэгцээ хуулийн байгууллагын албан ёсны дүгнэлтийг хүлээж байгаагаа хэлсэн юм. 

- Сэлэнгэ аймагт муур гэмтээснээс болж нялх хүүхэд эндсэн байж болзошгүй хэрэг гарсан. Амьтны эрхийг хамгаалдаг, амьтадтай ойр ажилладаг хүний хувьд та энэ хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ?

- Энэ бол логик талаас нь бодоход ямар ч баримтгүй зүйл. Өчигдөр мэдээлэл гарснаас хойш муур ямар тохиолдолд хүний мах иддэг талаар судалж үзсэн. Яаж ч бодсон муур хүүхдийн аминд хүрсэн байх боломжгүй. Энэ талаар чи өөрөө судалж үзсэн үү?

- АНУ л гэхэд эзнээ гэмтээсэн тохиолдол жилд дунджаар 400,000 бүртгэгддэг гэсэн мэдээлэл байна. Харин Монголд ийм тохиолдол хэр бүртгэгддэг талаар та бүхэнд тоо судалгаа бий юу?

- Хамтарч ажилладаг малын эмч нараасаа асуухад байхгүй гэсэн. Хүүхдүүд мууртайгаа тоглож байгаад маажуулсан тохиолдол бий. Тэр бол их байдаг. 

- Гэрийн тэжээвэр амьтдын хувьд зан төлөв нь харьцангуй тайван байдаг байх. Харин гудамжинд хаягдсан муур, нохойны зан авир ямар байдаг вэ?

- Би амьтадтай ажиллаад найман жил болж байна. Эзэнгүй орхигдсон олон муур, нохойг эзэнтэй болгосон. Ингэхэд том болтлоо гудамжинд амьдарсан байлаа ч байрандаа дасаад хүүхэдтэй нь тоглоод байж байдаг тохиолдол олон бий.

- Мэдээлэл гарснаас хойш олон муур эзэндээ хаягдсан, гудамжинд байгаа муур хөнөөсөн гэх зураг, мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсаар байна. Энэ нь бодит байдалтай нийцэх үү, эсвэл холбоогүй зураг нийтлэгдэж байна уу?

- Зарим нь бүр өнөөдөр тэдэн муур хөнөөлөө гээд түүгээрээ бахархаад байна. 

- Эзэнгүй муур байна гэсэн дуудлага, мэдээлэл хэр нэмэгдсэн бэ?

- Маш их болсон. Тоогоо алдсан. 

- Гудамжны муур, нохой их байдгийн шалтгаан нь юу вэ?

- Үржүүлэг их байна. Аливаа юм элбэгшээд эхлэхээр үнэ цэнгүй болдог. Муур үржүүлдэг газар их бий.

- Муурны төрөлх зан авирын онцлог юу вэ?

- Нохой 12 мянга гаруй жилийн өмнөөс, муур 5,000 гаруй жилийн өмнөөс хүний эрхшээлд орсон гэж үздэг юм байна лээ. Ийм байхад зэрлэг амьтан гэж хэлж болохгүй. Тэжээвэр амьтад, өөрөө хоолоо олж иддэг биш шүү дээ. 

- Танай байгууллага Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэстэй холбогдсон уу?

- Хэд хэдэн удаа утсаар холбогдож асуусан. Шалгалтын явцад байгаа, муурны ходоодыг дурандаж үзнэ гэх хариу өгсөн байсан.

- Муур хүүхдийн аминд хүрсэн байж болзошгүй гэж мэдээлэл гарснаас болж гэртээ тэжээж, хайрлаж байсан амьтнаа гаргаад хаяж байна гэдэгт та итгэж байна уу?

- Хаясан тухай олон пост орж байна. Идүүртэй нь орцонд, энд тэнд хаясан байна гэж байхад итгэхээс өөр аргагүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ нягтлахгүйгээр гаргаснаас болж ийм аюултай байдал үүсэж байна. Цагдаагаас ийм байж болзошгүй шалгаж байна гэж байхад олон сайт мэдээлсэн. Монголчууд мэдээллээ нягталдаггүй учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Эцсийн хариу гарсных нь дараа оруулах нь зөв байсан. Хэд хэдэн сайтын мэдээнээс болж, маш их амьтан гудамжинд  хаягдлаа. Харамсалтай байна.

Дэлхий дээр хэдэн мянган хүн муур тэжээдэг. Хүн идсэн ганц нэг тохиолдол байдаг юм байна. Гэхдээ муур хэзээ ч амьд хүн руу дайрч, иддэггүй. Аминд хүрнэ гэж байхгүй. Мэдээллүүд харахад хамрыг нь идсэнээс болж хүүхэд өнгөрсөн мэтээр бичсэн байсан.

Хэрэв муур хүн идсэн байлаа гэхэд эзэн нь нас бараад нэгээс илүү хоносон бол тэжээвэр муур асар их өлссөн үедээ тийм үйлдэл хийсэн тохиолдол байсан. Тодруулбал, мууртайгаа хоёулаа амьдардаг настай эмэгтэй өнгөрөөд гурав хоногийн дараа асар их өлссөн муур эзнийхээ хамар, уруулын хэсгээс идсэн байсан.  

Харин өчигдөр/уржигдар/ мэдээлэгдсэн тохиолдлын хувьд зулзган муур, хүүхдийн ээж хажууд нь байсан, дэргэд нь хоёр хүүхэд байсан гэж байгаа юм. Нялх хүүхдийг амьд байхад нь муур хазсан бол уйлна шүү дээ. Тэгэхээр ямар ч логикгүй байгаа юм.

- Муур нялх хүүхдийг гэмтээх үед хажууд хүмүүс хамт байсан гэх мэдээллийг та хаанаас авсан бэ?

- Мэдээллүүд дээр байсан. Хажуу айлаас нь хүн ирж мэдэгдсэн гэсэн байгаа. Тэгэхээр ямар ч логик байхгүй. Хажууд байгаа хүүхдээ ээж нь мэдэхгүй байна гэж байхгүй. Дээрээс нь муур хэзээ ч амьд хүн рүү дайрдаггүй. Энэ бол муурны зан төлөв хэмээн сэтгэл зүйчид дурдсан байсан. 

Хамрыг нь идээд, түүнээс болж хүүхэд эндсэн тохиолдол нэг ч байхгүй. Нэг бол хүүхэд нас барсны дараа муур хазсан, эсвэл муур ерөөсөө идээгүй гэсэн үг.

- Гэхдээ муурыг тэжээвэр байсан гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Гудамжнаас ирсэн байх магадлалтай гэж байгаа?

- Гудамжны муур байлаа ч гэсэн. Ялангуяа том болсон муур хүнээс зугтдаг. Хоол өгөх гэж байхад хүртэл ирж иддэггүй. Тийм байхад айлд ороод, хүүхэд рүү нь дайрч, хүүхэд нас барсан гэдэг нь ямар ч логикгүй. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ярьсан зүйл нь манай байгууллагын байр суурь биш бөгөөд зөвхөн миний үзэл бодол. Мөн бид бүгд цагдаагийн байгууллагын албан ёсны дүгнэлтийг хүлээж байна.

Хүүхэд нас барчхаад байхад муур өмөөрлөө гэж над руу дайрч байгаа ч би логик талаас, баримт нотолгоог л харж байгаагаа хэлмээр байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.