Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг бүтээсэн шинэ эм нь өвчний хүндрэл, эндэгдлийг тал хувиар бууруулж байгааг Merck компани зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг бүтээсэн шинэ эм нь Covid-19 өвчний хүндрэл, нас баралтыг тал орчим хувиар бууруулж байгааг Merck компани өчигдөр зарлажээ.

Тус компани удахгүй шинэ эмэндээ зөвшөөрөл авахаар АНУ болон дэлхийн олон улсын эрүүл мэндийн зохицуулах байгууллагуудад хандахаар болсон байна.

Merck компанийн бүтээгдэхүүн нь Covid-19 өвчнийг эмчлэх зориулалттай анхны эм юм.

Шинэ эмийг хүмүүс гэртээ ууж хэрэглэх боломжтой тул эмнэлгүүдийн ачааллыг бууруулах сайн нөлөөтэй гэж үзэж байна.

“Шинэ эм нь илүү олон хүнийг маш богино хугацаанд, бага зардалтайгаар эмчлэх боломжийг олгоно” гэж Merck компанийн судалгаа, туршилтад оролцсон Вандербилтийн Их сургуулийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн, доктор Уилльям Шаффнер ярьжээ.

Molnupiravir нэртэй шинэ эмийг хөнгөнөөс дундаж хүртэл түвшинд өвчилсөн 775 насанд хүрэгч дээр туршсан байна. Ингэхдээ зориуд таргалалт, диабет, зүрх судасны өвчтэй зэрэг эрсдэлтэй бүлгийн өвчтөнүүдийг сонгожээ.

Туршилтын эхний 30 өдрийн дараа шинэ эмийг уусан өвчтөнүүдийн 7.3 хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн буюу нас барсан байна. Харин ижил хугацаанд ийм эм хэрэглээгүй ижил тооны өвчтөнүүдийн 14.1 хувь нь эмнэлэгт хэвтсэн буюу нас баржээ.

30 өдрөөс хойших хугацаанд эм уусан өвчтөнүүдийн дотор эндэгдэл бүртгэгдээгүй бол эм хэрэглээгүй хэсэгт найман өвчтөн нас барсан байна.

Эмийн анагаах чадвар хангалттай өндөр байсан тул хөндлөнгөөс ажигласан мэргэжилтнүүдийн баг туршилтыг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзээд зогсоох зөвлөгөө өгсөн тухай Merck компани мэдээлжээ.

Merck компанийн эмийн туршилтад вакцинжуулалтад хамрагдаагүй өвчтөнүүдийг хамруулсан юм байна.

Одоогоор АНУ-ын засаг захиргаа вирусийн эсрэг үйлчилгээтэй Remdesivir эм, онцгой тохиолдолд ашиглах гурван төрлийн эсрэг биетийн бэлдмэлийг Covid-19 өвчний эмчилгээнд ашиглах зөвшөөрөл олгоод байгаа.

Гэхдээ эдгээрийг дусал, тариа хэлбэрээр хэрэглэдэг тул өвчтөн заавал эмнэлэгт очих шаардлагатай болдог. Merck компанийн бүтээсэн Molnupiravir эм нь коронавирусийн генетик кодыг хуулбарлан үржүүлэх замаар өвчнийг эмчилдэг байна.

Зохицуулах байгууллага нь зөвшөөрөл олгосны дараа 1.7 сая тун эм худалдаж авах баталгааг АНУ-ын засаг захиргаа Merck компанид өгчээ.

Тус компани энэ онд багтаан 10 сая тун эм үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд дэлхийн улс орнуудын засгийн газрууд эхнээсээ гэрээ байгуулж эхэлсэн тухай мэдээлсэн байна.

Одоогоор шинэ эм зах зээлд ямар үнээр зарагдахыг зарлаагүй байгаа юм.

Merck компаниас гадна Pfizer, Roche зэрэг бусад компаниуд мөн адил Covid-19 өвчнийг эмчлэх эм бүтээж байгаа бөгөөд ойрын саруудад түрүүч нь туршилтын үр дүнгээ зарлах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Associated Press