Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсрол, шинжлэх ухааны сайдыг уучлалт гуйхыг шаардан МҮИС иргэний хэргийн шүүхэд хандана

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын их сургууль (МУИС) болон Монголын үндэсний их сургууль (МҮИС) хэмээх хоёр сургуулийн нэр утга ойролцоо тул хооронд нь андуурах тохиолдол гардаг. 

Мөн олон улсад Монголын их, дээд сургууль эрэмбэлэгдэхэд дээрх давхцал хойш нь татдаг талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан наймдугаар сарын 26-нд хийсэн хурлын үеэр дурдсан. Тэрбээр мөн Монголын үндэсний их сургууль гэх нэр нь төрийн өмч тул буцааж авна хэмээн мэдэгдсэн билээ. 

Энэхүү мэдэгдлийн хариуд Монголын үндэсний их сургуулиас ажил хэргийн нэр хүндээ хамгаалж, нэр төр, алдар хүндээ сэргээх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд өнөөдөр хандаж байгаагаа зарлав.

Тус сургуулийн хамт олон дээрх мэдэгдлийг хариуцлагагүй, доромж утгатай, гүтгэсэн үйлдэл хэмээн үзэж, 

  • Боловсрол, шинжлэх ухааны сайдыг уучлалт гуйх
  • луйвар хийсэн гэх үйлдэлдээ няцаалт хийх
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын хувиар мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээр залруулга гаргахыг шаардаж байгаа юм.

Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн "Монголын, үндэсний гэсэн нэртэй нийт 1,600 гаруй хуулийн этгээд бий. Гэтэл үүнээс Монголын Үндэсний их сургууль гэх нэр дээр маргаж, ил тод зарлаж байгаа нь хууль захиалж байгаа мэт.

Хуулийг шинээр баталж, дагаж мөрдөхдөө нэгэнт авсан оноосон нэр, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим үйлчлэх ёстой. 

Гэтэл 2021-2022 оны хичээлийн жил эхэлж, элсэлттэй холбоотой асуудал яригдаж буй энэ цаг үед уг байгууллагын бизнесийн нэр төр, ажилтан албан хаагчид, төгсөгчид, оюутан болоод тэдний ар гэрийнхнийг дайрч давшилсан хариуцлагагүй мэдэгдэл болсон гэж үзэж байна" гэлээ.

Мөн тэрбээр "2017 онд Захиргааны хэргийн шүүхэд Монгол Улсын их сургууль нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ нэршил давхардаж байгаа тул Монголын үндэсний их сургууль гэх нэрийг оноосон захиргааны шат шатны байгууллагын шийдвэр тушаалыг хүчингүй болгохоор хандсан байдаг. Энэ нь 2017 оны дөрөвдүгээр сард шийдэгдэхдээ нэршлийн давхцал үүсээгүйг тогтоосон" гэсэн юм.

"Төгсөгчдийн холбооноос шийдвэртэй арга хэмжээнүүдийг авна. Тэмцэл болж болзошгүй"

Түүнчлэн Монголын үндэсний их сургуулийн багш, оюутан төгсөгчид Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдэгдэлд эмзэглэж буйгаа илэрхийллээ. Тус сургуулийн төгсөгчдийн холбооноос "Энэ асуудалд төгсөгчдийн холбооноос шийдвэртэй арга хэмжээнүүдийг авна. Тэмцэл болж болзошгүй. Иймд сайд хэлсэн үгэндээ уучлалт хүсэх ёстой.

Монголын үндэсний их сургуульд элсэхдээ хөдөөнөөс Ү үсгийг андуурч ирж сурдаггүй юм. Ингэж доромжилж болохгүй" гэлээ. 

Тус сургуулийг 20,000 гаруй хүн төгссөн бөгөөд өдгөө 15,000 гаруй оюутантай аж.