Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Одсүрэн: Төсөв тасалдсан учир замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлд хуучин зохицуулалтууд үргэлжилнэ

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр буюу наймдугаар сарын дундаас нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал огцом нэмэгддэг. Энэ жилийн хувьд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлд ямар ажил хийгдэж байгааг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "Долдугаар сард нийслэлийн авто замын ачаалал хамгийн бага болж буурдаг. Энэ үед өдөрт дунджаар 170-200 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол наймдугаар сарын 15-наас тээврийн хэрэгслийн тоо шууд хоёр дахин нэмэгддэг. Энэ нь хичээлийн шинэ жилийн бэлтгэл, үүнийг дагасан бизнесийн идэвхжилтэй холбоотой юм. Есдүгээр сараас хойш замын хөдөлгөөний ачаалал өндөр хэвээр байсаар арваннэгдүгээр сард бага зэрэг буураад арванхоёрдугаар сарын дундаас дахин өсдөг. 

Ачаалал үүсгэж байгаа хүчин зүйлсийг харвал, хамгийн эхэнд хүүхэд хичээл сургуульд зөөдөг тээврийн хэрэгсэл нэрлэгдэнэ. Нийслэлд ойролцоогоор 110 мянган хүүхэд хамран сургах тойргийнхоо бус сургууль, цэцэрлэгт хамрагддаг. Эдгээр хүүхдүүдийн 10 орчим хувь нь автобусаар хичээлдээ явж байгаа. 

Сургууль, цэцэрлэг, их, дээд сургуульд суралцагчдын хөдөлгөөн хотын түгжрэлийн 25-30 хувийг бүрдүүлэгч шалтгаан болдог. Үүнтэй холбоотойгоор хамран сургах тойргийн хуваарилалтыг шинэчлэх, бага, дунд, ахлах ангиар дахин хуваарилах төлөвлөлт яригдаж байна. Гэсэн ч энэ жилийн хувьд төсөв мөнгөний асуудлаас болоод хуучин хамран сургах тойргоор явахаар болсон. Ер нь бол хүүхэд гэрийнхээ ойролцоо сургуульд явах нь түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа. 

Энэ онд КОВИД-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн төсөв гэхэд 35 хувиар тасарсан. Хөрөнгө оруулалтын ажлууд он дамнаж хийгдэхээр болж байгаа учир хуучин зохицуулалтууд үргэлжлээд явна. Тухайлбал, сургуулийн автобус өмнөх чиглэлийн дагуу үйлчилнэ" хэмээн хариуллаа.