COVID-19-ийн батлагдсан тохиолдол сүүлийн өдрүүдэд 100-аас дээш тоогоор тогтмол нэмэгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн орны асуудал тулгамдсан учир хөнгөн хэлбэрийн өвчтнүүдийг гэрээр эмчлэх хувилбар яригдаж байгаа юм. Иймд эмнэлгийн орны нөөц ямар байгаа болон нэмэлтээр ор гаргах боломжийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзоригоос тодрууллаа.
Тэрбээр "Коронавируст халдварын үед ашиглахаар 1,240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрсэн тул 400 ор шинээр дэлгэсэн. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул аль болох бүх нийтийн хөл хорио тавихгүйгээр хүн ам шигүү суурьшсан, халдварын эрсдэл бүхий хороонд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа.
Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас дээш нэмэгдээд эхэлбэл гамшгийн үеийн УЛААН ТҮВШИНД шилжиж, хөл хөдөлгөөнийг 80-90 хувьд барьж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүйд хүрнэ.
Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоохгүй гэх амлалтдаа хүрэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг дордуулах алхам хийхгүй. Эмнэлгийн ор нэмэхээс гадна эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа тасалдаж болохгүй тул анхаарч ажиллана" гэв.
Сүүлийн долоон хоног дараалан дотоодын халдвар 100-аас дээш тоогоор нэмэгдэж байна. Гуравдугаар сарын 13-ны өдөр коронавирусийн халдварын 169 тохиолдол батлагдсан нь Монгол Улсад цар тахлын халдвар гарснаас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!