Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Цасан болон шороон шуурганы улмаас 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурч, 1,200 толгой мал шуурганд урууджээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.

Иймээс Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/750793029206785

"Нийт нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл, зарим аймгаар гамшигт үзэгдэл ажиглагдлаа. Салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Завхан, Увс, Төв, Хөвсгөл зэрэг 10 гаруй аймгуудын 46 суманд нийт 548 хүн төөрч сураггүй алга болсон. Тус иргэдийг олохоор ОБЕГ-аас бүх хүч бие бүрэлдэхүүнээ дайчлан ажиллалаа.

Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон. Өнөөдөр 10:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байна" хэмээн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир хэллээ. 

Хайж буй 81 иргэний 68 нь Дундговь аймгийнх аж. 

Мөн зургаан хүн нас барж, 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурч, 1,200 толгой мал шуурганд уруудсан байна.

"Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байна"

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн "Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гуравдугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 орчим км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан.

Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийн дээрх гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна. Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байна.

Мөн зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 207 дугаар шугамд гэмтэл гарч Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсан. Гэмтлийг даруй арилгаж хэвийн байдалд шилжүүлсэн" гэв.