Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Дэлхий дахинд коронавирусийн халдвар эргээд нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст цар тахлын аюул дэлхий дахинд байсаар байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл сануулав.

Тэрбээр “Дэлхий дахинд хоногт л 384,000 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд халдварын тоо буурах хандлага ажиглагдаж байсан ч одоо эргээд нэмэгдэх хандлагатай боллоо.

Буурах хандлага ажиглагдсан нь коронавирусийн эсрэг дархлаажуулалтын эхний үр дүн болон ихэнх улсад хэрэгжиж байсан хөл хорионы дэглэмтэй холбоотой. Харин эргээд нэмэгдэж буйг эрдэмтэд коронавирусийн мутацид орсон хувилбартай холбож тайлбарлаж байна.

Тэд коронавирусийн мутацид орсон хувилбар нь өмнөхөөсөө илүү хүнд явцтай бөгөөд тархалтын хүрээ өндөр байх магадлалтайг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 103 гаруй улс оронд коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн бөгөөд өдөрт дунджаар 6.5-6.7 сая хүн вакцинд хамрагдаж буй.

Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцин гарсан ч вакцин хийлгэсэн хүн бүр нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ маш сайн сахих шаардлагатайг санах хэрэгтэй. COVID-19-ийн аюул дэлхий дахинд одоо ч байсаар байгаа" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/490462275304805

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.