Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан билээ.
Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны долоодугаар сард Ж.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээсэн байв.
Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!