Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян: Олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх нь

ikon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Зургийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн фэйсбүүк хуудсаас авав.

2020 оны 3-р сараас эхлэн олон нийтийн цахим сүлжээнд нийгмийн бүх давхаргын иргэд  хайрын түүх болон гэр бүлийн харилцааныхаа талаар олноороо хуваалцаж эхэлсэн билээ. Тухайлбал, Монгол Улсын филармоний гоцлол дуучин Наранбаатар хадмуудтайгаа хамт амьдардаг байхдаа гэрлэлтийн эхэн үеийн зөрчлүүдийг эхнэртэйгээ хамт хэрхэн даван туулснаа хуваалцсан юм. Сэтгэлд илч нэмэх тэрхүү түүх бүр өөр өөрийнхөөрөө өвөрмөц, онцгой байсан ч, олон нийтэд ганц л мессежийг ахин дахин хүргэж байлаа. Хайр Өвтгөдөггүй.

Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хэмжээний сурталчилгааны аян болох “Хайр Өвтгөдөггүй” аянд олон нийт дуу хоолойгоо нэгтгэх, идэвхитэй оролцох нэг хэлбэр нь хувийн түүхээ харамгүй хуваалцах явдал байв. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, мэдээлэл сурталчилгааны ажлын хамгийн том санаачилгуудын нэг болсон уг аяныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ) “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэргэдэх хэвлэл мэдээллийн дэд хороотой хамтран зохион байгуулсан юм. Уг аяныг  Монгол Улсад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Зэвсэгт хүчний ойн баяр буюу цэргийн баярыг тохиолдуулан 2020 оны 3-р сарын 6-28-ны хооронд явуулсан. Гэвч түүний дараа КОВИД-19-ийн цар тахалын хөл хорио тогтоосонтой холбоотой гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол нэмэгдэж, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай болсноор НҮБ-ын Хүн амын сан НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Японы засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн жижиг төслийн хүрээнд тус аяныг 2020 оны 4-р сарын 20-ноос 5-р сарын 20 хүртэл үргэлжлүүлэн явуулсан юм.

Өнгөрсөн хугацаанд олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлийн сурталчилгааны үйл ажиллагаанууд жендэрт суурилсан хүчирхийллийн үр дагаврыг онцолдог байсан бол “Хайр Өвтгөдөггүй” аян хосуудын хоорондох болон гэр бүлийн доторх эрүүл харилцааг дэмжих замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой байснаараа онцлог. Ингэснээр Монголд жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хувь хүний хариуцлага чухал гэсэн ойлголтыг олон нийтэд хүргэж, олон нийтийг өөрсдийн амьдралаа аз жаргалтай, амар амгалан байлгахын төлөө өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэхэд уриалсан.

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Жендэрийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Оюун “Эхлээд бид жендэрт суурилсан хүчирхийллийн сөрөг үр дагаврыг олон нийтэд ойлгуулж, хохирогчдод зайлшгүй шаардлагатай байгаа хэрэгцээг хангах, даван туулагчдыг хамгаалах механизмийг Монголд бий болгож, сайжруулахыг зорьж ажилласан. Одоо бидний ажил дараагийн шатандаа гарч, олон нийтийн оюун санааг өөрчлөн хүчирхийлэл, тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийллийг үл тэвчих хандлагатай болгохыг зорин ажиллаж байна. Монголд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй ажиллаж, үүний үр дүнд гарсан томоохон амжилтуудын нэг нь ГБХТТХ-д нэмэлт өөрчлөлт оруулан баталж, түүнийг олон нийтэд өргөн хүрээнд танилцуулж, хэрэгжүүлэх ажлыг бодитойгоор эхлүүлэхэд энэхүү төсөл чухал үүрэг гүйцэтгэсэн явдал юм.  Үүний дүнд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх хүмүүсийн хандлагад  өөрчлөлт орж эхэлж байгаа ч жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд далайцтай өөрчлөлт хийхийн тулд энэ эрчийг алдалгүй цаашид үргэлжлүүлэн ажилласаар байх шаардлага байсаар байна” гэсэн юм.

Олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх аянуудаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэх, мөн нэгдмэл мессежийг олон нийтэд хүргэх шаардлагын үүднээс “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэргэд хэвлэл мэдээллийн дэд хороог байгуулсан юм. Энэхүү дэд хороог НҮБын Хүн амын сангаас чиглүүлж ажилласан бөгөөд бүрэлдэхүүнд нь төслийн хэрэгжүүлэгч засгийн газрын яам, агентлагууд, мөн түнш ТББ-ууд орсон байна. Ингэснээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар өөр өөр байгууллагууд өөр хоорондоо өрсөлдсөн эсвэл бүр зөрчилдсөн агуулгатай мессежийг түгээж олон нийтийг төөрөгдүүлэхээс сэргийлэх боломж бүрдсэн. Түүнчлэн энэхүү хороо нь төслийн хэрэгжүүлэгч байгууллагууд үндэсний хэмжээний мэдээлэл сурталчилгааны аян зэрэг олон хэлбэрийн үйл ажиллагаан дээр хамтран ажиллах боломжийг улам бүр хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.

Сүүлийн хоёр жилд дэд хорооны гишүүд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх гурван том хэмжээний аян дээр хамтарч ажиллаа. Эхнийх нь, 2018 онд жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг тохиолдуулан   “ЭерэгБолГОЁ” (Жендэрийн харилцаа, хандлага, үйлдлийг эерэг болгоё) гэсэн нэгдсэн уриан доор олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.   Хоёр дахь том хэмжээний аян нь 2019 оны жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянаар   “ойлГОЁХҮНдэлье” (Бие биенээ ойлгож, хүндэлье) уриа бүхий аяныг хамтран зохион байгуулж, дараа нь 2020 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хайр өвтгөдөггүй” аяныг зохион байгуулсан.

Ойлголт хандлагыг эерэг болгон өөрчлөх, ЖСХ/ГБХ-ийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх аяныг зохион байгуулах арвин туршлага дээрээ үндэслэн ЦЕГ сүүлийн хоёр том хэмжээний аяныг зохион байгуулахад тэргүүлэх үүрэгтэй ажилласан.

Гэхдээ тэд жендэрт суурилсан хүчирхийлэл шиг эмзэг асуудлыг хөндсөн мэдээлэл сурталчилгааны аяныг зохион байгуулах нь согтуугаар жолоо барих, хурд хэтрүүлэх зэрэг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн буруу зан үйлийг өөрчлөх аянтай харьцуулахад илүү бэрхшээлтэй бөгөөд амаргүй гэдгийг сайн ойлгож, энэ асуудлаарх олон нийтийн хандлага, ойлголт, хохирогч болон хүчирхийлэгчдийн сэтгэгдэл, бусад орнуудад энэ асуудлыг хэрхэн хөндөж, олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулдаг туршлага зэргийг сайтар судалсны үндсэн дээр мэргэжлийн маркетингийн компаниудтай хамтран ажилласан. Түүнчлэн өмнө нь зохион байгуулсан олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгааны олон аяны туршлага нь ЦЕГ-т жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг олон нийтийн кампанит ажлыг зохион байгуулахад маш сайн суурь туршлага болж өгсөн юм. Жендэрт суурилсан хүчирхийллийн даван туулагчид болон хүчирхийлэгчидтэй тулж ажилладаг тэргүүн фронтын байгууллага болохын хувьд ЦЕГ-ынхан хүчирхийллийн ноцтой хор хохирлыг байнга ойроос мэдэрч байдаг. Ийм учраас ЦЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн, түүний дотор  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн  ажилтнууд жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох урьдчилан сэргийлэх санаачилгуудын ач холбогдлыг сайн ойлгодог билээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэл  бол хувь хүмүүсийн хоорондын буюу тэвчиж болох асуудал биш, харин гэмт хэрэг бөгөөд хүний эрхийн зөрчил болохыг олон нийтэд ойлгуулах үйл ажиллагаа өнгөрсөн үед  сургалт, семинараар хязгаарлагддаг байсан бол сүүлийн жилүүдэд сурталчилгаа мэдээллийн өргөн хүрээтэй аян дээрх үйл ажиллагаатай хамтдаа үр дүнгээ өгч байна.  ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд мэдээлэл сурталчилгааны аяныг зохион байгуулахад онцлон анхаарч, олон нийтийн сурталчилгааны маркетингийн мэргэжлийн компаниудтай нягт хамтран ажилласнаар олон нийтэд хүргэх мессежийг үр дүнтэй, нөлөөлж чадахуйц байдлаар боловсруулан, өргөн хүрээнд хүргэхэд илүүтэй анхааран ажилласан. Тэд мөн дэд хорооны бусад гишүүдтэй, ялангуяа НҮБ-ын Хүн амын сан болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй нягт уялдаатай ажиллаж, сурталчилгааны аяны үндсэн уриа, мессежийг боловсруулахад арга зүйн дэмжлэг, санал зөвлөмжийг авч ажилласан нь илүү үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад тус болсон байна.

Монголчуудыг хайрын түүхээ онлайн орчинд нийтлэн аянд идэвхтэй оролцохыг уриалахаас гадна  мөн олны танил хүмүүсийг оролцуулсан видео контент, харилцааны эрүүл дадал болон жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл агуулсан постер, хэвлэлийн мэдээ, тусгай булангийн мэдээ, олон нийтийн цахим сүлжээний нийтлэл зэргийг бэлтгэсэн нь мөн үр дүнгээ өгсөн юм. Энэ бүх үйл ажиллагаа нь олон нийтийн цахим сүлжээнд нийт 3.7 сая хандалт авсан бөгөөд КОВИД-19-ийн улмаас хугацааг нь сунгасан “Хайр Өвтгөдөггүй” аян нь нэг сая гаруй үзэлттэй байсан байна. Энэхүү мэдээллийн аян нь мөн өргөн нэвтрүүлэг, хэвлэмэл мэдээ, хэвлэмэл постер, брошур, тараах нугалбар, зарын самбар, замын дэргэдэх самбар, автобусны буудал болон бусад олон нийтийн газрын мэдээллийн самбар зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн сувгуудаар олон нийтэд хүрсэн болно.

Эл мэдээллийн аян нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Монголчуудад хүрсэн  гайхалтай амжилтыг дагуулсан бөгөөд үүний гавьяа нь дан ганц бэлтгэсэн контентын тоо ширхэг, нэр төрөл бус, харин зөв мессежийг зөв сувгаар хүргэх стратеги барьж ажилласны үр дүн юм.  Олон улсын сайн туршлага болон мэдээлэл сурталчилгааны салбар дахь судлаачдын хэлж буйгаар зорилтот бүлэгт эерэг зан үйлийг төлөвшүүлэхийн тулд дараах “ мессежийг өгөх ёстой. Үүнд 1) тухайн зан үйл нь бүх нийтийн даган мөрддөг нийгмийн хэм хэмжээ болох 2) тухайн зан үйлийг өөртөө төлөвшүүж чадна гэх итгэл 3) олон нийтэд эерэг сэтгэл хөдлөл, хандлага үүсгэх байдлаар хүргэх нь чухал. “Хайр Өвтгөдөггүй” аян нь хамтрагчаа ойлгож, хүндлэх нь тэгш харилцааг үүсгэх, аливаа үл ойлголцлоос зайлсхийх зан үйлийг сурталчилсан бөгөөд амжилттай мэдээлэл сурталчилгааны аяны дээрх гурван үндсэн шинжийг агуулж чадсан билээ. Эрүүл харилцааг чухалчилж байгаа нь мөн жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох нь хүн бүрийн хариуцлага бөгөөд хүн бүр өөрийн амьдралдаа өөрчлөлт хийх замаар энэхүү том зорилгод хувь нэмрээ оруулж болно гэдэг санааг нийтэд хүргэж байгаа явдал байв.

“Хайр Өвтгөдөггүй” аян амжилттай,  үндэсний хэмжээний аян болсон боловч нийгмийн болон зан үйлийн өөрчлөлтийг авчрахад засгийн газар төдийгүй, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон олон нийтийн чин зүтгэл, тасралтгүй хичээл чармайлт шаардлагатай байдаг утгаараа ийм хэлбэрийн аянуудыг илүү олноор өрнүүлэх шаардлагатай юм. Энэ үүднээс ирэх гурван жилд хэрэгжих “Жендэрт суурилсан хүчирхийлэл тэмцэх нь” төслийн хоёрдугаар шатанд мэдээлэл сурталчилгаа, боловсрол болон зан үйлийн өөрчлөлтийг авчрах арга хэмжээнүүдэд илүүтэй анхаарах юм.

ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэнгэлбаяр “ЖСХ-тэй тэмцэх нь төслийн ачаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, нийгмийн хандлага, итгэл үнэмшлийг өөрчлөх, даван туулагчдын эрхийг хамгаалах чиглэлээрх бидний өмнө хийдэг байсан үйл ажиллагаа улам бүр өргөжиж, дараагийн шатанд гарч чадсан. Бид эдгээр төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлагаасаа үргэлжлүүлэн суралцахын хажуугаар жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтэд хүрч, тэднийг энэ тэмцэлд оролцуулж ажиллах илүү үр дүнтэй, шинэлэг аргуудыг эрэлхийлсээр байх болно” гэсэн юм.


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

 

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан