Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян: Болорын түүх

ikon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
https://newbostonpost.com/2017/04/17/no-father-no-peace/

Хувь хүний нууцыг чанадлан хамгаалах үүднээс нэр, хэргийн зарим мэдээллийг өөрчилсөн болно.

Нөхөр нь өөр эмэгтэйтэй гэрлэхээр шийдсэн учраас Болор охиноо дагуулаад төрсөн нутаг Өмнөговь аймаг руугаа буцжээ. Амьдралаа орвонгоор нь өөрчлөх амаргүй шийдвэр байсан бөгөөд Өмнөговьд амьдарч байсан Болорын эгч тэдэнд хөл дээрээ босоход нь тусалж, хашаандаа гэр барьж амьдрахыг зөвшөөрсөн бөгөөд удалгүй Болор аймгийн төвд тогтвортой ажилд орсноор орон сууц зээлээр худалдаж авах боломжтой болжээ. Болорын амьдрал эргээд хэвийн байдалд орж байгаа юм шиг л байв.

Болорын  нүүдэл суудал, гэр орны ойр зуур ажилд Ганболд гэдэг хүн үргэлж тусалж, эргэн тойронд нь байх болсон. Ганболд анх Болорыг гэрээ барихад нь тусалъя гэж танилцсан байна. Удалгүй байрандаа нүүн орж, тохижиход нь янз бүрийн жижиг сажиг зүйлсийг янзлахад туслах болжээ. Түүнээс хойш нилээд хэдэн сар өнгөрөхөд Ганболд тэднийд байн байн ирэх болсон нь Болорт тухгүй байсан ч Ганболд тэднийд цаг хугацааг өнгөрөөх шалтаг яаж ийгээд олдог байлаа.

Энэ бүхэн нэг шөнө хэрээс хэтэрсэн байна. Болорыг гэртээ ирэхэд Ганболд байранд нь хүлээж байсан бөгөөд Болор түүнийг явахыг шаардтал гэнэт догшрон уурлаж эхэлжээ. Болор руу хашгичиж, эд зүйлсийг нь эвдэлж, явахгүй, хамт амьдарна гэж гүрийж байв. Өөрийн болон охиныхоо аюулгүй байдалд санаа зовсон Болор охиноо дагуулаад хамгийн ойрын цагдаагийн хэлтэс рүү зугтжээ. Цагдаа нар мэдүүлгийг нь авсны дараа сэтгэл нь түгшсэн ээж, охин хоёрыг жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) даван туулагчдад зориулсан аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвтэй (НЦҮТ) холбож өгөөд өргөдлийн дагуу хянан шалгах ажиллагааг эхлүүлж, Ганболдыг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Аз болоход Болор, охинтойгоо НЦҮТ-д ирэхдээ ямар нэгэн бие махбодын гэмтэл аваагүй байсан боловч хоёулаа сэтгэл зүйн хувьд гэмтлийн дараах стрессээс (PTS) болж маш их гүн хямралын байдалд байсан юм. НЦҮТ-ийн мэргэжилтнүүд Болорт сэтгэл зүйн анхан шатны эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлж, тайвшрахад нь тусалсан бөгөөд Болор төвийн ажилтнуудын тусламжтайгаар дараагийн алхмуудаа тодорхой төлөвлөж чаджээ. Ганболд сул чөлөөтэй явж байсан тул Болор аюулгүй байдлынхаа төлөө НЦҮТ дээр үлдэхээр шийдэж, өөртөө болон охиндоо эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн зөвлөгөө, эрх зүйн зөвлөгөө зэрэг бүх шаардлагатай үйлчилгээг авч байв.

Болор охины хамт НЦҮТ дээр шаардлагатай үйлчилгээг авч тайвшран хэвийн байдалд эргэн орж байх зуур цагдаа нар Ганболдыг Болорын гэрт согтуу байхад нь олж, баривчлаад ямар сэдэлтэй байсныг нь асууж байцаажээ. Ковид-19-ийн улмаас ажиллаж байсан уурхай нь хаагдаж ажилгүй болсон Ганболдод орох орон байр, орлого, хуримтлал байхгүй байсан тул аймагт нь шинээр амьдрал зохиож буй залуухан өрх толгойлсон ээж болох Болорыг асуудлаа шийдэх боломж гэж харан, дотносохыг оролдон улмаар хамтран амьдрах төлөвлөгөөтэй байсан нь тогтоогдсон байна. Өөрийн гэсэн орлогогүй байх хугацаандаа Болорынд амьдарч, тэжээлгэхийг хүсч байжээ.

Ганболдыг түр саатуулж, Болор ч сэтгэл зүй, нөхөн сэргээх эмчилгээний үр дүнд сэтгэл санаа нь бага зэрэг сайжирч, ирээдүйгээ өөдрөгөөр харах болов. НЦҮТ-д хэд хоносны дараа гэрлүүгээ буцахаар шийдсэн байна. Асуудлаа бүрэн даван туулах хүртэл эгч нь тэдэнтэй нь цуг амьдрах болжээ. Гэхдээ эх, хүүхдүүдийн цаашдын эмчилгээнд тусалж, хэрэгцээтэй хэвээр байгаа хамгаалалтаар нь хангахын тулд НЦҮТ-ийн ажилтнууд Болорын кэйсийг оршин суугаа сумынх нь хамтарсан багт (ХБ) хүлээлгэж өгчээ. ХБ болон цагдаагийнхан Болорыг гэртээ харьсны дараагаар үе үе гэрт нь очиж, хэрэгцээтэй хэвээр байгаа үйлчилгээнүүдийг үргэлжлүүлэн үзүүлсэн байна. Болор НЦҮТ-өөр дамжуулан хуулийн зөвлөхтэй уулзаж, цаашид гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө авч, мэргэжилтнүүдтэй байнга ойр ойр уулзаж, тусламж дэмжлэгийг авч байсны хүчинд Болор, хүүхдийн хамт бэрхшээлээ алгуурханаар сайн даван туулж чадсан.

 “НЦҮТ-ийнхөнтэй учирч, тусламж авч чадсан маань их том аз шүү. Тэнд байрлаж байсан болохоор өөртөө итгэх итгэл маань сэргэж, үр хүүхдийнхээ төлөө цаашид амьдрах урам зоригтой болж чадсан” гэж Болор ярьж байна.

Энэ үйл явдлаас өмнө Болор Өмнөговь аймагт хохирогчдод тусалж, дэмжих ийм тогтолцоо байдаг гэдгийг мэддэг ч үгүй байсан бөгөөд НЦҮТ-өөс үзүүлдэг үйлчилгээний цар хүрээ болон чанарт маш сэтгэл хангалуун байгаа юм. Түүнчлэн хүүхдийнх нь хичээлийн хэрэгсэл болон зурдаг ном зэрэг жижиг зүйлийг ч орхигдуулалгүй хангаж чаддаг үнэхээр цогц үйлчилгээ байдаг гэдгийг Болор ойлгосон юм. Өөрт нь болон охидод нь төвөөс үзүүлж буй тусламж үйлчилгээ дэндүү их санагдаж, хүний төлөө амьдарч байгаа биш дээ гэж санаа зовох үе ч Болорт цөөнгүй байв.

“Гэр бүлийн хүчирхийллийн олон тохиолдлыг сонсож, бас харж байсан. Хөрш айлд маань хүртэл болж байсан. Их олон эмэгтэйчүүд хаашаа очихоо мэддэггүй. Бас гадуурхагдахаас эсвэл хүчирхийлэгчээс айсандаа тусламж хүсэхээсээ ичдэг эсвэл айдаг. Ийм учраас энэ төв болон энэ төвийн үйлчилгээ маш чухал бөгөөд газар бүрд байх хэрэгтэй” гэж Болор ярьсан юм.

Уул уурхайн салбарын огцом өсөлтөөс нийгэмд учрах хохирол

Сүүлийн арван жилд Монгол Улсын эдийн засаг олборлох салбарын огцом өсөлтөд хөтлөгдөн ихээхэн өссөн сайн үзүүлэлттэй байгаа юм. Дэлхий дээрх мэдэгдэж буй нүүрсний нөөцийн 10%-ийг агуулдаг, мөн алт, зэсийн ихээхэн нөөцтэй Монгол Улс дотоодын болон гадаадын олборлох үйлдвэрлэлийн компаниудын анхаарлыг татаж, том, жижиг уул уурхайн үйл ажиллагаа огцом нэмэгдсэнээр хурдтай боловч тогтворгүй эдийн засгийн өсөлтийг авчирч, эдийн засаг даруй 20 гаруй хувиар өсөж эхэлсэн юм.

Монгол Улс дахь уул уурхайн салбарын огцом өсөлтийн эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь хэдийгээр эерэг байсаар ирсэн ч хүн амын нийгэм-соёлын амьдралд үзүүлэх үр нөлөөллийн талаарх судалгаагаар ЖСХ, түүний дотор ГБХ өсөхөд ихээхэн нөлөөлж буй нь тогтоогджээ. Аливаа салбарын огцом өсөлт ихэвчлэн нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийг дагуулдаг. Тухайлбал, хурдтай үйлдвэржилт болон хүн амын олноор түр шилжин суурьших хөдөлгөөн нь орон нутгийн соёл, хүн амын амьжиргааны хэвийн байдалд ихээхэн нөлөөлдөг.

Энэ асуудал нь олон уул уурхайн компанийн үйл ажиллагааны нарийн төвөгтэй ажлын нөхцөл, ялангуяа 21 хоног ажиллаад 7 хоног амрах хөдөлмөрийн хуваарьтай хосолсноор гэр бүлийн харилцаанд өөрчлөлт оруулахын зэрэгцээ стресс тайлах нэрийдлээр архидан согтуурах үзэгдэл ихсэхэд нөлөөлж байна.

Эрдэс баялгийн нөөц арвинтай Өмнөговь аймаг сүүлийн арван жилд уул уурхайн салбарын огцом өсөлтийн гол төв болж байна. Монгол орны говийн бүсийн өмнөд хэсгийг эзлэн 165,380 ам дөрвөлжин километр газар нутагт оршдог Өмнөговь аймаг нь Монголын хамгийн том аймаг бөгөөд хүн ам нь бараг 70,000 хүрч байна. Үүний дотор уул уурхайн салбарт ажиллахаар түр шилжин суурьшигч хүн ам багагүй байгаа юм. Өмнөговь аймаг нь мөн амьдралынхаа аль нэг үед дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн үзүүлэлтээр (63.3%) улсдаа гуравдугаарт орсон юм. Энэ асуудлыг Өмнөговь аймаг дахь ЖСХ-ийн даван туулагчдад зориулсан НЦҮТ-ийн ажилтнууд уул уурхайн салбарын огцом өсөлттэй холбож үзэж байна.

НЦҮТ-ийн нийгмийн ажилтан Ц.Оролзод хэлэхдээ, “Төвд ирсэн даван туулагчдад зөвлөгөө өгөх нь миний үүрэг. Тэдний дунд нөхөр нь уурхайд ажилладаг бөгөөд олон өдрийн ээлжээ дуусгаад гэртээ ирэхдээ хүчирхийлэнгүй, түрэмгий болсон байдаг гэж ярих хүн олон байдаг” гэсэн юм.

Орон нутгийн эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаад одоо НЦҮТ-д зохицуулагч, эмч хийж байгаа Өмнөговь аймгийн уугуул Ж.Энхтуяа эмч хэлэхдээ гурван долоо хоног бүтэн ажиллаад ирсэн уурхайчид богинохон үргэлжлэх амралтын өдрүүдээрээ найзуудтайгаа бар, клубаар аль болох их орж, согтууруулах ундаа хэрэглэж ядаргаагаа тайлах нь элбэг байдаг гэсэн юм. Энэхүү байнгын согтуурхал дээр эзгүй хойгуур нь эхнэр нь юу хийж байсан бол гэж хардаж, сэрдэж байсан мэдрэмжийг нь сэдрээхэд нөлөөлж, ГБХ үйлдэх сэдэл болох нь бий.

НЦҮТ-ийн ажилтнуудын үзэж буйгаар КОВИД-19-ийн цар тахал дэгдсэнээс хойш ЖСХ-ийн нөхцөл байдал бүр дордсон бөгөөд Болорынх шиг шалтгаанаар НЦҮТ-д тусламж хүсэж ирэх үйлчлүүлэгчдийн тоо улам бүр нэмэгдсээр байна. НЦҮТ-ийн резидент сэтгэл зүйч У.Уянга хэлэхдээ олон нийтийг гадагш гарч, олон нийтийн газруудаар цагаа өнгөрөөхийг хязгаарлах арга хэмжээ болгож орон нутгийн захиргаанаас бар, ресторануудаар архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон гэсэн юм. Гэхдээ энэ санаачилга нь архи, согтууруулах ундааны хэрэглээг бүрэн хорьж чадаагүй. Харин ч хүмүүс орон гэртээ архи ууж, согтуурах нь ихэссэн.

Энхтуяа эмч, “Энэ цар тахал зарим уурхайг хаагдахад хүргэж, зарим хүний амь зуулга, цалин орлого буурсан эсвэл бүр байхгүй болсон. Олон хүн ажилгүй болоод гэртээ эргэж ирсэн. Энэ нь гэр бүлийн харилцаанд асуудал, зөрчил үүсгэх шалтгаан болж байна. Энэ зөрчил дээр санхүүгийн дарамт нэмэгдсэн нь хүчирхийллийг өдөөх хүчин зүйл болж болно. Ийм учраас ЖСХ, ялангуяа бэлгийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл сүүлийн үед өсөж байна. Бид бүр олон үйлчлүүлэгч хүлээж авах болсон. Гэхдээ үүний шалтгаан нь нэг талаараа хүмүүс хүчирхийллийг харьцангуй бага тэвчдэг болж, олон нийт хүчирхийллийг мэдээлэх нь ихэссэнтэй бас холбоотой байж болох юм” гэж ярьсан юм.

Даван туулагчдыг хамгаалахын зэрэгцээ ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх нь

Тус аймагт ЖСХ-ийн тархалт өндөр байгаа учир ЖСХ-ийн даван туулагчдыг цаашид тохиолдож болох хор хохирлоос хамгаалахад туслах, түүнчлэн хүчирхийлэл үйлдэгчдийг хийсэн үйлдлээр нь хариуцлагад татах механизм зайлшгүй хэрэгтэй байна. Гэхдээ ЖСХ-ийн асуудал нь аймгийн хэмжээнд авч шийдвэрлэх шаардлагатай чухал асуудал биш гэсэн итгэл үнэмшлийн улмаас эл асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулах тал дээр олон шийдвэр гаргагч анхандаа тээнэгэлзэнгүй ханддаг байсан юм.

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал хэлэхдээ, “Урьд нь ЖСХ зэрэг жендэрийн асуудлыг хангалттай хэмжээнд огт анхаардаггүй байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар (ГБХТТХ) үүрэг хүлээсэн талуудад ЖСХ-д хариу арга хэмжээ авах талаар нөлөөллийн ажил болон цогц сургалтууд зохион байгуулснаар шийдвэр гаргагчдын ЖСХ-ийн талаарх хандлага өөрчлөгдсөн. Үүний үрээр ЖСХ-д хариу арга хэмжээ авахад зориулж төсөв хуваарилах болсон бөгөөд энэ нь шийдвэр гаргагчид энэ асуудалд хүчин зүтгэл гаргах болсны тод илрэл юм. Бидний хувьд энэ ажлыг тэгээс эхэлсэн. Тэгэхээс өөр аргагүй байсан. Энэ төслийн дэмжлэгээр бий болсон хамгийн том нөлөөллийн ажлын нэг нь үүрэг хүлээгчдийн анхаарлыг энэ асуудалд хандуулж чадсан явдал бөгөөд ЖСХ-д хариу арга хэмжээ авах механизмийг өргөтгөснөөр энэ асуудлын талаарх олон нийтийн ойлголт ч мөн дээшилсэн шүү” гэсэн юм.

Хамгийн эхний, хамгийн чухал санаачилгуудын нэг нь ГБХ-ийн даван туулагчдад зориулсан түр хамгаалах байрыг сайжруулж, даван туулагчдад олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг НЦҮТ болгосон явдал байв. Уг НЦҮТ-ийг байгуулахад “Монгол улсад ЖСХ-тэй тэмцэх нь” төсөл арга зүй болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд цаашдын үйл ажиллагааг нь тогтвортой авч явахын тулд аймгийн захиргаанаас төвд хөрөнгө оруулсаар байх шаардлагатай байсан юм. Гэвч орон нутгийн захиргааны нөөц боломж маш хязгаарлагдмал байсан бөгөөд ялангуяа шийдвэр гаргагчид орон нутагт НЦҮТ байгуулах шаардлагатай гэдгийг бүрэн ойлгоогүй байсан эхэн үед бэрхшээлтэй байлаа.

Ийм учраас орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ), НЦҮТ-ийн ажилтнууд болон Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс бүгд хамтран ажиллаж, бэрхшээлээ даван туулах шинэлэг, зардал багатай шийдлүүдийг эрэлхийлэх шаардлагатай болсон юм. Тухайлбал аймгийн захиргааны шийдвэрээр НЦҮТ-ийг цагдаагийн хэлтсийн дэргэд байгуулахаар болсон бөгөөд НЦҮТ-ийнхний хүсэлтээр цагдаагийн газрын шөнийн эргүүл НЦҮТ-ийн газрыг мөн хариуцахаар болсон байна. Ингэснээр төвийг ямар ч нэмэлт зардалгүйгээр 7 хоногийн 24 цаг харуул, хамгаалалттай болгож чадсан юм.

НЦҮТ-ийн ажилтнууд орон нутгийн ГБХЗХГ-ын дэмжлэгтэйгээр хувийн хэвшлийнхэнтэй мөн түншлэл үүсгэж, нөөц бололцоог нь дайчлан ажилласаар ирсэн байна. Энэхүү түншлэл нь НЦҮТ-д хоол хүнс болон эм хангамжийн байнгын хандивын эх үүсвэрийг бий болгосон. Мөн төслийн дэмжлэгтэйгээр саяхан НЦҮТ-ийн дэргэд 9 төрлийн жимс, хүнсний ногоо тарих хүлэмж байгуулж, төвд байрлаж буй хүмүүс болон ажилчдыг тогтмол хүнсээр хангах болсон талаар аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Эрдэнэцэцэг ярьсан байна.

НЦҮТ нь мөн үйлчлүүлэгчдийнхээ тусгай хэрэгцээ шаардлагад илүү сайн нийцэж ажиллахын тулд чадах бүхнээ хийж байна. Эрдэнэцэцэгийн онцолсон нэг жишээг дурдвал, хөдөө орон нутагт гэрт амьдарч дассан олон үйлчлүүлэгч нь төвд байрлах өрөө байсан ч гэсэн байранд дасан зохицож амьдрахад бэрхшээлтэй байдгийг анзаарснаар төвөөс нэг гэр худалдан авч, цэлгэр хашаандаа барьснаар үйлчлүүлэгчид нь хамгийн тав тухтай гэж үзсэн сууцаа сонгон байрлах боломжтой болжээ. Төвийн ажилтнууд мөн үйлчлүүлэгчиддээ маск оёхыг зааж өгснөөр үйлчлүүлэгчид нь өөрсдийгөө КОВИД-19-өөс хамгаалахын зэрэгцээ нэмэлт орлого олох боломжтой болжээ.

Түүнчлэн, НЦҮТ-ийн ажилтнууд үйлчлүүлэгчдээ НЦҮТ-өөс гарсныхаа дараах амьдралд бэлдэхэд нь туслах олон зүйлийг хийдэг. НЦҮТ-өөс олон удаа тусламж хүсч ирсэн ЖСХ-ийн нэгэн даван туулагчийн түүхийг Энхтуяа ярьж байлаа. Уг үйлчлүүлэгч хүчирхийлэгч нөхрөө орхихоор олон удаа оролдож байсан ч амьдралаа залгуулах боломж, амьдрах байргүйн улмаас эргээд нөхөр дээрээ очдог байжээ. Ийм учраас НЦҮТ-өөс түүнд гэр худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх донор олж өгч, төрөл садангуудтайгаа ойр амьдрахад нь тусалжээ.

Энэхүү НЦҮТ-ийнхөн ЖСХ-ийн даван туулагчдаас гадна эмзэг бүлгийнхэнд ч бас үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, КОВИД-19-ийн улмаас сургуулиуд хаагдах үед өнчин хүүхдийн асрамжийн газраас оюутан болсон нэгэн их сургуулийн оюутан залуу байрлах байргүй болсон байна. Уг оюутан өнчин хүүхдийн асрамжийн газар руугаа буцахыг хүсээгүй тул НЦҮТ-өөс тусламж хүсжээ. Тэгэхэд нь төвийн ажилтнууд бие даан амьдрах хүртэл нь дэмжлэг үзүүлэхээр шийдэж, оюутан байлгах айл хайгаад нэгэн найзынхаа гэрт түр зуур байрлуулахаар болсон төдийгүй тэр хугацаанд амьдралаа залгуулахад нь тусалж орон нутгийн компанид ажилд ороход нь тусалсан байна. Төвөөс тусламж хүсч ирэх эрэгтэй даван туулагчдын тоо өсөхийн хэрээр НЦҮТ-ийн ажилтнууд эмэгтэй үйлчлүүлэгчдээ тав тухтай байлгахын зэрэгцээ эрэгтэйчүүдэд зориулсан орон зай бий болгох шаардлагатай тулгарсан юм. Энэ сорилтыг давахын тулд орон нутгийн ГБХЗХГ-аас НҮБХАС-ийн дэмжлэгтэйгээр төвийг өргөтгөх санаачилга гаргасан бөгөөд төвийн өргөтгөл хэсэгт эрэгтэй үйлчлүүлэгчдийг байрлуулах нэмэлт өрөө тохижуулжээ.

Гэсэн хэдий ч тус НЦҮТ хүний нөөцдөө зориулсан санхүүжилтээ баталгаатай болгоход бэрхшээлтэй тулгарсаар байгаа юм. Одоогоор тус НЦҮТ-д бүтэн цагаар ажилладаг гуравхан ажилтан байгаа бөгөөд тэд төвийг 7 хоногийн 24 цагаар ажиллуулахын тулд амралтгүйгээр ээлжлэн ажиллах хэрэгтэй болдог. Харамсалтай нь анх ажилтан нэмж авахад зориулж төлөвлөсөн байсан төсөв нь аймгийн захиргаагаар батлагдаагүй юм. Гэвч НЦҮТ-ийн ажилтнууд болон ГБХЗХГ-ынхан санхүүжилтээ нэмүүлэхээр захиргаанд нөлөөлөх ажлаа зогсоолгүй үргэлжлүүлсээр байна.

Энэ хооронд аймгийн ГБХЗХГ болон ЖСХ-тэй тэмцэх нь төслийн дэмжлэгтэйгээр уг 3 ажилтныг тогтмол сургалтад хамруулж, чадавхжуулж, даван туулагчдад илүү үр дүнтэй туслах мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлж байсан юм. Төслийн шугамаар НЦҮТ-ийн ажилтнууд нийслэл Улаанбаатар хотод үйлчилгээний байдалтай танилцах аяллаар явж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн ажлын байран дээрх сургалтын хөтөлбөрт хамрагдсан байна. Төвийн ажилтнуудад мөн хуульч, нийгмийн ажилтан, бүр урлагийн сэтгэл засалчийн явуулсан олон талт үйлчилгээ үзүүлэх тухай сургалтад сууж, үйлчилгээ үзүүлэх практик зөвлөмж авах боломж гарсан юм.

Түүнчлэн, ГБХЗХГ аймгийн төв Даланзадгад хот дахь НЦҮТ-ийн ажилтнууд болон хамтарсан багийн гишүүдийг сургахаас гадна, аймгийнхаа бүх сумаар явж, хамтарсан багуудыг холбогдох хууль тогтоомж болон үйлчилгээ үзүүлэх талаар сургалтад хамруулсан байна. Үүрэг хүлээгчдийг тасралтгүй сургах, бас урамшуулах зорилгоор ГБХЗХГ-аас хамгийн амжилттай ажилласан хамтарсан багыг мотоциклоор шагнах уралдаан хүртэл зохиожээ. Эрдэнэцэцэг мөн ГБХЗХГ-аас аймгийн хэмжээнд бүх багт (зарим баг нь нийслэл хотоос 500 км хүртэл хол байрладаг) ЖСХ-ийн даван туулагчдад холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бий болгох зорилгоор багийн иргэдийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа нягтруулахын төлөө идэвхтэй ажиллаж байгаа тухайгаа бас хуучилсан юм.

Энэ бүх санаачилгууд, НЦҮТ-ийн ажилтнууд болон орон нутгийн удирдлагуудын хичээл зүтгэлийн үр дүнд НЦҮТ-өөс тусламж хүссэн үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл маш өндөр байна. Тус НЦҮТ нь үйлчилгээгээ цогц, иж бүрэн байдлаар үзүүлж, төрөл бүрийн үүрэг хүлээгчдэд НЦҮТ болон түүний үзүүлдэг үйлчилгээний талаар ойлгуулахын тулд бусад салбарууд болон хамтарсан багуудын гишүүдтэй нягт түншилэн ажиллаж байна. Үүний дүнд тэд даван туулагчдын хувийн нууцыг задруулахгүйгээр НЦҮТ-д зуучилдаг болох юм. Орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (ГХУСАСЗЗ) нь олон салбарын хамтын ажиллагааг дэмжихийн тулд кэйс хурал (case conference) тогтмол зохион байгуулдаг. Олон нийтийн энэхүү маш эерэг сэтгэгдэл нь  шийдвэр гаргагчдын зүгээс ирэх дэмжлэгийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж Энхцацрал үзэж байна.

Гэсэн хэдий ч НЦҮТ-ийн ажилтнууд олон нийттэй харилцаж, эмзэг бүлгүүдэд хүрч ажиллаж, хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүст хаанаас, хэрхэн тусламж эрэлхийлэх талаар мэдээлэл өгөхөөс гадна хамгийн гол нь, ЖСХ бол тэвчиж болохгүй хүний эрхийн зөрчил гэсэн ойлголтыг бүх нийтэд өгөх хэрэгтэй байгаагаа илүүтэй ухамсарлаж байгаа билээ. Олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхийн сацуу НЦҮТ, түүний үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал болон нууцлалыг хангахын тулд НЦҮТ болон ГБХЗХГ-аас тусламжийн шууд утасны дугаарыг бичсэн түлхүүрийн оосор, хөргөгчний соронзтой наалт болон бусад хэрэглэгдэхүүнийг хийж, олон нийтэд тарааж эхэлжээ.

Уянга хэлэхдээ, “Энэ бүх нөлөөллийн ажлуудын ачаар хүмүүс ЖСХ нь олон хэлбэртэй байдгийг ойлгож, өөрсдийгөө хүчирхийлэлд өртөж байгаа эсэхээ зөв үнэлэх боломжтой болсон. Гэхдээ алслагдмал газар амьдардаг олон хүн ЖСХ-ийн талаар мэдээлэлгүй, эсвэл хүчирхийллийг амьдралынхаа нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн байх нь олонтаа байна” гэсэн юм.

Энэ бүхэнд үндэслээд аймгийн зүгээс ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон хэлбэрийн үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь ГБХЗХГ-аас уул уурхайн компаниудын 21 хоног ажиллуулаад, 7 хоног амраадаг ажлын хуваарийг 14 хоног ажиллуулаад 7 хоног амраадаг илүү зохимжтой хуваарьт шилжүүлэх шаардлагыг хүргүүлснээр уг саналыг одоогоор нэг компани хүлээн авч хэрэгжүүлээд байна. ГБХЗХГ-аас дахин 3 компанитай хэлэлцэж байна. Ингэснээр уул уурхайн салбарын ажилтнуудын стрессийг бууруулахад туслах бөгөөд ЖСХ-ийн өдөөгч болон эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад тустай гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн, ГБХЗХГ-аас ажилчдынхаа нийгмийн халамжийн асуудалд анхаарах,  байгууллагынхаа хүрээнд ЖСХ-г шийдвэрлэх  үүрэгтэй аймгийн түвшний байгууллагууд дээр эцэг эхийн зөвлөл байгуулж, ЖСХ-ээс сэргийлэх үйл хэрэгт өөрийн оролцоогоо нэмэгдүүлэхээр эцэг эхчүүдтэй хамтран ажиллах ажлыг эхлүүлээд байна. Эцэг эхийн зөвлөлийн гишүүд ЖСХ-ийн асуудлууд, хүүхдийн халамж болон бусад холбогдох сэдвээр мэдээлэл авч, өөрийн хүүхдэд жендэрийн эрх тэгш байдлын ойлголт, итгэл үнэмшлийг төлөвшүүлэх, зөвлөлийн гишүүний хувьд мөн бусдад нөлөөлөх чадавхитай болоход туслах ажлыг өрнүүлсэн.

Аймагт ЖСХ-ийн хариу арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх ажлыг цаашид хэрхэн хийх талаар асуухад Эрдэнэцэцэг, Энхцацрал нар санал нэгтэйгээр шинэ засгийн газар байгуулагдах бүрт бүх түвшинд нь эл асуудлыг ойлгуулж, хэрэгжиж буй санаачилгуудыг тогтвортой үргэлжлүүлж, болж өгвөл бүр өргөжүүлэх нь хамгийн чухал гэсэн юм. Мөн НЦҮТ-ийн ажилтнууд НЦҮТ-ийн барилга, материаллаг баазыг сайжруулах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү хүртээмжтэй болгох тал дээр анхаарах шаардлагатайг онцлон ярьж байв. Энхцацрал мөн ЖСХ-ээс урьдчилан сэргийлэхийн тулд хүчирхийлэл үйлдэгчидтэй ч бас хамтран ажиллах шаардлагатайг чухалчилсан юм.

Үйлчлүүлэгчдэд НЦҮТ-өөс гарсныхаа дараа хэвийн амьдралдаа эргэн ороход нь туслах үйлчилгээнүүдэд илүү их хөрөнгө хуваарилах шаардлагатай юм. Үүнийг үүрэг хүлээгчид ч, төвийн үйлчлүүлэгчид ч анзаарч энэ талаар саналаа хэлдэг. Тухайлбал, даван туулагчдыг цаашид сэтгэл зүйн гэмтлээ анагаахад нь тусалдаг дэмжих бүлгүүдийг байгуулж болно. Мөн даван туулагчдыг чадавхжуулж, санхүүгийн хувьд хараат бус болоход нь тусалдаг амьжиргааны ур чадварын сургалт явуулж болно. Энэ нь тэднийг амь зуухын эрхэнд хүчирхийлэгч хамтрагч дээрээ эргэн очихоос өөр аргагүй байдалд орохоос сэргийлэхэд туслах юм.


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

 

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан