Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсооход НЦҮТ-үүд оролцож байна

ikon.mn
2020 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян-

Хувь хүний нууцыг чандлан хамгаалах үүднээс нэр, хэргийн зарим мэдээллийг өөрчилсөн болно.

Монгол улсад ЖСХ-тэй тэмцэх нь төслийн хүрээнд Нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг (НЦҮТ) төлөвлөж, барьж байгуулах үед гол үйлчлүүлэгчид нь хүчирхийлэлтэй орон гэрээсээ хүүхдүүдээ аваад зугтан ирэх насанд хүрсэн эмэгтэйчүүд байх болов уу гэсэн төсөөлөл давамгайлж байлаа. Гэвч өр өвтгөмөөр нь, НЦҮТ-үүдийн туршлагаас харахад үйлчлүүлэгчдийн багагүй хувь нь хүүхдүүд байсны дотор бэлгийн хүчирхийллийн даван туулагчид цөөнгүй байв. Тодруулбал, 2020 оны 8-р сарын байдлаар Баян-Өлгий аймаг дахь НЦҮТ-өөс үйлчилгээ авсан 55 үйлчлүүлэгчийн дотор 9 нь хүүхэд байсан юм.

11 настай Нараа хойд эцэг нь бэлгийн дарамт учруулж байгаа тухай нагац эгчдээ хэлснээр ээжтэйгээ хамт Баян-Өлгий аймгийн төв дэх НЦҮТ-д очсон байна. Тэрбээр гэртээ юу туулж байгаагаа бусдад хэлэх гэж олон сар болжээ. Энэхүү сэтгэлийн дарамт гэмтэл хийгээд амийг нь хорооно гэх гэмт хэрэгтний сүрдүүлгээс айх айдас нь Нарааг туулж байсан зовлонгоо бусдаас нуухад хүргэсэн байна.

Харамсалтай нь Нараагийн түүх бусад түүхийн адил байв. Үндэсний хэмжээний ЖСХ-ийн судалгаанаас үзэхэд охид, эмэгтэйчүүдийн нас залуу байх тусам хамтрагч бус хүний зүгээс үйлдсэн бие махбодын эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртөх магадлал өндөрсдөг байна. Баян-Өлгий аймаг дахь 15-19 настай охидын 25% нь амьдралдаа дор хаяж нэг удаа хамтрагч бус хүний зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн (улсын дундаж 17%) байхад 16% нь хамтрагч бус хүний зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн (улсын дундаж 3%) байна. Сүүлийн 12 сарын статистикийг үзвэл бүр ноцтой үр дүн гарна. Тухайлбал, Баян-Өлгий аймаг дахь эдгээр өсвөр насны охидын 17% нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагч бус хүний бие махбодын хүчирхийлэлд өртсөн байхад 8% нь хамтрагч бус хүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Энэ хоёр үзүүлэлт хоёулаа улсын дунджаас (тус тус 5% ба 3%) бараг гурав дахин өндөр байгаа юм.

Энэ төрлийн хүчирхийллийг ихэвчлэн гэр бүлийн гишүүн нь эсвэл даван туулагчтай ойр хүн үйлддэг учраас хохирогчдын хувьд хэргийг цагдаад мэдэгдэхэд улам бүр хүндрэлтэй болдог. Гэмт хэрэгтнүүд даван туулагчдын толгойг эргүүлж, хүчирхийллээ хайрын илэрхийлэл гэж ойлгуулах арга заль их ашигладаг. Эсвэл хүчирхийллийн талаар ам нээвэл өөрсдийг нь болон гэр бүлийнхнийг нь зовооно гэж сүрдүүлдэг байна.

Улсын Ерөнхий прокурорын газраас бэлгийн хүчирхийллийн даван туулагч хүүхдүүдийн 26.3% хүчирхийлэлд нэгээс олон удаа өртсөн байдаг гэж мэдээлжээ.

Хүчирхийллийн шинж тэмдгийг хэн нэгэн хүн илрүүлэх эсвэл даван туулагч зориг гарган өөрөө ам нээж, тусламж эрэх хүртэл хүчирхийлэл үргэлжилсээр байх магадлал өндөр байдаг нь харамсалтай бодит үнэн юм. Нараагийн тохиолдол дээр сургуулийн амралтаараа нагац эгчийндээ очсон байхдаа зориг гаргаж бүгдийг хэлснээр хүчирхийллийг таслан зогсоосон байна.

Аймгийн төв Өлгий хотод НЦҮТ байж таарсан нь олзуурхууштай. Нараа, Нараагийн ээж Хулан хоёр орлого багатай амьдардаг байсан учраас хүчирхийллээс бие даан зугтах боломж бололцоогүй байжээ. Нараагийн нагац эгч хэргийн талаар цагдаад мэдэгдэхэд цагдаагийн газраас Нараа, Хулан хоёрыг хамгаалуулахаар НЦҮТ-тэй холбож өгсөн байна. Төвд очсон хойноо Нараа туулж өнгөрүүлсэн бие махбодын болон сэтгэл санааны гэмтлээсээ илаарших аяллаа эхлүүлэх боломжтой болжээ.

Ээж охин хоёрыг ирсэн даруйд төвийн ажилтнууд Нараагийн сэтгэцийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд хүчирхийлэл хэрхэн нөлөөлсөн талаар, мөн уг гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдлын талаар Хулантай ярилцсаны үндсэн дээр хэрэг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулсан байна. Хэрэг шийдвэрлэх төлөвлөгөө гаргах нь даван туулагчдад цогц үйлчилгээ үзүүлэх хамгийн эхний алхам байдаг. Учир нь төлөвлөгөө гаргаснаар НЦҮТ-ийн ажилтнууд тухайн хүний тусгай хэрэгцээг үнэлж, үйлчилгээгээ тухайн нөхцөл байдалд тохируулах боломжтой болдог. Нараагийн тохиолдолд, ээж охин хоёр бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээ болон сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай байжээ. НЦҮТ-ийн ажилтнууд КОВИД-19-ийн цар тахлын үед ч Нараагийн хичээл сургуулийг тасалдуулалгүй, хэрэгцээт сурах бичиг болон зайны сургалтын тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Нараа бол Баян-Өлгий аймаг дахь НЦҮТ 2018 онд байгуулагдсанаас хойш тусламж авсан олон даван туулагчийн нэг юм. Төвөөс аюулгүй байр, эмнэлгийн, нийгэм-сэтгэлзүйн, хууль эрх зүйн болон хамгааллын үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ иргэдэд нээлттэй бусад нийгмийн үйлчилгээнд зуучилж өгдөг. Энэхүү иж бүрэн, цогц үйлчилгээ нь зайлшгүй чухал байдаг. Учир нь ЖСХ-ийн даван туулагчдыг хамгаалж, сэргээн засахад олон салбарын арга барил шаардлагатай. Энэ бүх үйлчилгээг төвлөрсөн нэг цэгээс үзүүлэх болсноор даван туулагчдыг хэрэгцээт үйлчилгээгээ авахын тулд ийш тийш явах шаардлагагүй болгож, аюулгүй байдлыг нь нэмэгдүүлдэг. Мөн болсон явдлаа ахин дахин ярьж, сэтгэлийн гэмтлээ сэдрээхээс сэргийлдэг. Түүнчлэн нөхцөл байдлынх нь талаар тоотой хэдэн хүн л мэдэж байдаг учраас хувийн нууцыг нь илүү сайн хамгаалж чаддаг.

Хүүхдүүд ЖСХ-ийн гэрч болсон ч, өөрсдөө хохирогч болсон ч ялгаагүй урт хугацаанд үргэлжлэх хохирлыг даван туулах болдог. ЖСХ-ийн даван туулагчид нь сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэл гутрал, түгшүүр, гэм буруутай мэт мэдрэмж, ичгүүр, уур болон өөрийгөө доогуур үнэлэх зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн сөрөг үр дагаврыг мэдэрдэг. Нараагийн тохиолдол ч мөн ялгаагүй байв. Нараа уг харамсалтай үйл явдлаасаа болж сэтгэлийн гүн шарх авсан боловч аз болоход төвийн ажилтнууд энэ байдлыг нь цаг алдалгүй анзаарч, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамруулсан байна. Гэхдээ Нараагийн хувьд уг явдлаас болж эрүүл мэндийн хэд хэдэн асуудалтай болсон бөгөөд нэг удаа бүр түргэн тусламж авах шаардлагатай болтлоо дордож байсан юм.

Нараа, Хулан хоёр өөрсдийн гэсэн амьдрах газар олох хүртлээ НЦҮТ-д байрлажээ. Үнэндээ НЦҮТ-ийн ажилтнууд тэр хоёрын өмнөөс орон нутгийн удирдлагууд болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай холбогдож  амьдрах орон гэрээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж том тус болжээ. Харин хойд эцэг нь хийсэн хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээсэн бөгөөд хэргийг нь саяхан орон нутгийн шүүхэд шилжүүлсэн байна.

Нараа, Хулан хоёр одоо Баян-Өлгий аймгийн төвд амьдарч байна. Нараа сургуульдаа эргэн орж, ээж нь НЦҮТ-ийн багийнхны тусламжтайгаар ажил хайж байгаа юм. Тэд энэ бүх хичээл зүтгэл нь хэзээ нэгэн өдөр гэр бүлд нь гэрэлт ирээдүйг авчирна хэмээн итгэж буй.


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

 

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан