Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян: Хөөрхөн Зүрх ТББ-ын туршлагаас

ikon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Хөөрхөн зүрхнүүд ТББ-ын фэйсбүүк хуудсаас авав.

Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) шиг нарийн төвөгтэй, ужгирсан асуудлыг шийдвэрлэхэд улс орон даяараа хамтран хичээх шаардлагатай.

Энэ л зарчмыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй “Монгол улсад ЖСХ-тэй тэмцэх нь” төслийн төлөвлөлт хийгээд хэрэгжилтийн туршид баримталж ажилласан юм. Төслийн үндсэн зорилго болох ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлэхийн тулд дан ганц Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааг оролцуулах нь хангалтгүй бөгөөд иргэний нийгэм, хувийн хэвшил болон олон нийтийг мөн оролцуулах шаардлагатай. Ийм учраас ЖСХ-тэй тэмцэх нь төслийн хүрээнд төрийн бус байгууллагууд (ТББ) –тай хамтран ажиллаж, ЖСХ-тэй тэмцэх чадавхыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүчирхийллээс ангид нийгмийг бий болгохын тулд тэдний мэдлэг, туршлага дээр тулгуурлан хамтын ажиллагааг бэхжүүлсэн юм.

ЖСХ, ялангуяа бэлгийн хүчирхийллийн эсрэг залуусыг уриалж, оролцуулахад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн ТББ-уудын нэг бол Хөөрхөн Зүрх ТББ юм. Хөөрхөн Зүрх бол Монголд ЖСХ, ялангуяа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл болон ГБХ-ийн бүх хэлбэрийг эцэслэхийн төлөө 2012 оноос хойш ажиллаж буй эмэгтэйчүүдээр удирдуулсан ТББ билээ. Тэдний үйл ажиллагаа 4 цөм хөтөлбөрөөс бүрддэг. Тэдгээр нь

  1. жендэрийн эрх тэгш бодлого, эрх зүйн орчныг бий болгоход нөлөөлөх;
  2. үйлчилгээ үзүүлэх, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд болон залуу хүмүүсийн бэрхшээлийг даван туулах чадварыг хөгжүүлэх, ЖСХ-д өртсөн сэтгэл зүйн гэмтлээ даван туулах, илааршихад нь туслах нийгэм-сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх;
  3. ЖСХ болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх; 
  4. ЖСХ-д өртсөн залуу даван туулагчидтай ажилладаг мэргэжилтнүүдийн ойлголт, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх юм.

“ЖСХ-тэй тэмцэх нь” төслийн хүрээнд Хөөрхөн Зүрхнүүдээс “Гинжийг тасал” аяныг хоёр удаа зохион байгуулсан юм. Эхний аяныг ГБХТТХ-ийн шинэчилсэн найруулгыг таниулах зорилгоор 2017 онд хийсэн ухуулга сурталчилгааны аяны хүрээнд хийж байсан бол энэ амжилтдаа тулгуурлан хоёр дахь аянаа 2019 онд олон нийтийн анхаарлыг ЖСХ-рүү дахин нэг чиглүүлэх зорилгоор эхлүүлсэн билээ.  Аrt therapy буюу урлагаар дамжуулан нөлөөлөх арга барилыг ашигласнаар Хөөрхөн Зүрхнүүд цуврал подкаст, телевизийн ток шоу, стэнд-ап комеди болон зурагт ном, онлайн хэлэлцүүлэг, гар зургийн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаануудаараа 1.3 сая гаруй хүнд хүрч чадсан байна.

Хөөрхөн Зүрхнүүд ТББ-ын Тэргүүн А.Хонгорзул хэлэхдээ, “Урлаг бол олон нийтэд хүрч, ГБХ-ийн уг шалтгаан болоод үйлдэгддэг хэлбэрүүдийн талаар, мөн түүнийг олон үндэстэн, ястан амьдардаг Монгол Улсад таслан зогсоох цогц сорилтын талаар мэдээлэл өгөх маш сайн хэрэгсэл юм. Урлаг нь хэлэлцүүлэг өрнүүлэх үүд хаалга болдог бөгөөд уг хаалгаар Монгол Улс дахь жендэрийн хөгжил болон жендэрийн шударга ёсны үйл явцын нэг хэсэг болохыг хүссэн хэн бүхэн чөлөөтэй нэвтрэх боломжтой байдаг” гэсэн юм.

“Гинжийг тасал” аянд залуучууд асар идэвхтэй оролцсон юм. Подкастуудыг бэлтгэхэд залуус сайн дурын үндсэн дээр оролцсон бөгөөд гар зургийн үзэсгэлэнг гаргахад сургуулийн бүх насны хүүхдүүд оролцож, ЖСХ-ийн асуудлаар өөрсдийн ойлголтыг илэрхийлж, түүнийг шийдвэрлэх талаар үзэл бодлоо дэлгэн харуулсан байна. Хөөрхөн Зүрхнүүд мөн кампанит ажлууддаа хот, хөдөөгийн оршин суугчид, мөн нас, үндэс, нийгмийн байдлыг харгалзалгүй бүхий л давхаргын хүмүүсийг хамруулж, хүрч ажилласан бөгөөд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүсийн амьдралыг тусгасан, тэдэнд хүрч чадахуйц түүхийг хуваалцаж, мөн хүн ам зүйн янз бүрийн бүлэгт хүрэх олон хэлбэрийн сувгуудыг ашиглаж ажилласан нь үр дүнд хүрэхэд нөлөөлсөн.

Энэхүү аяны дүнд Хөөрхөн Зүрхнүүд ТББ-аас ЖСХ-ийн улмаас тусламж дэмжлэг, үйлчилгээ хүсч ирсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн тоо 20%-иар өссөн байна. Аянаараа дамжуулан олж авсан амжилт, олон нийтэд танигдсан байдал нь уг төрийн бус байгууллагад сайн дураар ажиллах хүмүүсийн тоо өсөхөд нөлөөлснөөр, жилд 300-400 сайн дурын ажилтантай хамтран ажилладаг болжээ. Тэдний дунд ирээдүйд нийгмийн ажилтан, хуульч, сэтгэл зүйч болох зорилготой оюутан залуус олон байжээ. Сайн дурынхны зарим нь “Гинжийг тасал” аяны хүрээнд сургалтад хамрагдаж, Хөөрхөн Зүрхнүүд ТББ-ын тэргүүн фронтын, бүтэн цагийн ажилтан болсон бөгөөд нэг нь бүр НҮБ-ын Залуучуудын Зөвлөлдөх Хороонд төлөөллөөр сонгогдсон байна.

Өнөөдрийн байдлаар Хөөрхөн Зүрхнүүд ЖСХ-тэй тэмцэх нь төслийн хүрээнд эхлүүлсэн ажлаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Сурталчилгааны аяныг өрнүүлэх явцдаа хуримтлуулсан туршлага, сургамж, олонд танигдсан байдал дээрээ үндэслэн тэд нөлөөллийн ажил болон үйлчилгээгээ үндэсний хэмжээнд өргөжүүлэх боломжтой болжээ. Тэд мөн ЖСХ-д хариу арга хэмжээ авах, түүнээс урьдчилан сэргийлэхэд урлагийн сэтгэл заслын аргачлалыг ашигласаар   байгаа бөгөөд бүр олон сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн мэргэжилтнүүдийг хамруулж, ажилд нь урлагийн сэтгэл заслын арга барилыг нэвтрүүлсээр байна. Мөн өөр олон байгууллага Хөөрхөн Зүрхнүүдтэй холбогдож, сурталчилгааны аяныг амжилттай явуулсан сайн туршлагаас нь суралцаж байна. “Гинжийг тасал” аяны хүрээнд эхлүүлсэн цуврал подкаст нь амжилттай болсон тул подкастын багийнхан цаашдаа ГБХ болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх ойлголтыг дээшлүүлэхэд подкастаа үргэлжлүүлэн ашиглахаар болсон бөгөөд өдгөө онлайн талбарууд болон орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан подкастаа цацсаар байна.

“Монголын ТББ-ууд жендэрийн тэгш байдлыг бий болгож, ЖСХ-ийг таслан зогсоохын төлөөх тэмцэлд 1990-ээд оноос хойш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тэд хүний эрхийг хамгаалах төрийн хариуцлагыг сануулж, нийгмийн хортой хэм хэмжээг таслан зогсоож, хүн нэг бүрд илүү таатай орчинг бүрдүүлэхийн төлөө ард иргэдтэй хамтран ажилласаар ирсэн юм. Ийм учраас бид ЖСХ-д цэг тавихын тулд дотоодын ТББ-уудаа, ялангуяа Монгол Улсын онцлогт тохирсон арга барилаар хөрсөнд бууж ажилладаг (grassroots) байгууллагуудаа үргэлжлүүлэн чадавхжуулсаар байх хэрэгтэй” хэмээн А.Хонгорзул ярив.


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны тухай

 

Жил бүрийн 11 сарын 25 буюу жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлэн 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл дэлхий дахинаа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жил Монгол дахь Хүн амын сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр бусад НҮБ-ын салбар агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, олон улсын болон дотоодын иргэний нийгэм ба хувийн хэвшилтэй хамтран “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан