Уншиж байна ...

Л.Болдхүү: Ломбард хүний авто машиныг өмчлөлдөө авсан мөртлөө GPS суурилуулдаг нь мөрдөж, мөшгөх гэмт хэргийн шинжтэй үйлдэл

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр хувийн мэдээлэлтэй холбоотой ирүүлсэн гомдол, шийдвэрлэлтийн талаар ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү дараах мэдээллийг танилцуулав. 

Тэрбээр хэлэхдээ "2022 оны хоёрдугаар хагасаас эхлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх механизм ХЭҮК-ын үйл ажиллагааны нэг хэсэг болон хэрэгжсээр байгаа. 

Энэ хугацаанаас хойш хүний хувийн мэдээлэлтэй холбоотой нийт 53 гомдол ирсэн. Улмаар гомдлыг хүлээн авч, 10 шаардлага, 11 зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байгаа" гэлээ. 

Хүний хувийн мэдээлэл алдагдсантай холбоотой ХЭҮК-т ирсэн зарим гомдол болон шийдвэрлэлтийн талаар дараах мэдээллийг референт Л.Болдхүү өгөв. 



Банк, санхүүгийн салбарт хэд хэдэн асуудал тулгарч байна.

Тухайлбал банкны үйл ажиллагааг шүүмжилсэн харилцагчийнхаа хувийн мэдээллийг олж авч, утсаар холбогдсон. Ингэхдээ тухайн банкны үүдэн байршсан царай таних төхөөрөмж, камерын тусламжтайгаар мэдээллийг нь авч, харилцагч руугаа утастаад "Та манай банкийг шүүмжилсэн байна. Үүнийг одоо залруул” гэж хувь иргэний мэдээллийг буруугаар ашигласан.  

Энэ хүрээнд ХЭҮК-оос тухайн банканд шаардлага хүргүүлсэн байдаг. 

Гадаадад оршин суугаа иргэн цахим банкны үйлчилгээ авахаар нэр бүхий арилжааны банканд хандсан байна. 

Гэтэл "Гадаад паспортоо энгэрийнхээ өмнө бариад зургаа авхуулаад бидэн рүү явуул" гэж хууль бус шаардлага тавьжээ. 

Өнөөдөр ямар ч банканд очоод үйлчилгээ авахад зураг өгөхөө больсон. Тэр банк хүний зургийг авна гэдэг нь хувийн мэдээллийг цуглуулах зарчмыг зөрчсөн.

Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ) зээлээ төлдөггүй хүмүүсийн хувийн мэдээллийг нь ашиглаад “Чамайг танай байгууллагын даргад мэдэгдэнэ” гэж дарамталсан тохиолдол гарсан.

Энэ бол аль өнгөрсөн тогтолцооны үзэгдэл. 

Автомашины ломбардын үйлчилгээ үзүүлж буй байгууллагатай холбоотой ноцтой гомдол бий. 

Ломбардын компани холбогдох гэрээгээр тухайн хүний авто машиныг өөрийнхөө өмчлөлд авсан мөртлөө машинд нь давхар GPS буюу байршил тогтоодог төхөөрөмж суурилуулдаг.

Хамгийн хорлонтой нь үүнийг суурилуулахдаа тухайн машины жолоочид хэлдэггүй. Үүнд комиссын зүгээс маш хатуу байр суурьтай байгаа.

Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлд заасан хүнийг хууль бусаар мөрдөж, мөшгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан үйлдэл. 

Ерөнхий Боловсролын Сургуулийн ариун цэврийн өрөө, спорт заалны хувцас сольдог өрөөнд хяналтын камер суурилуулсан.

Сургуулийн удирдлагын зүгээс үүнийгээ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилготой гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл дээрэлхэлт явагдах, тамхи татах зэрэг асуудлаас хамгаалсан гэж тайлбар өгсөн байдаг. 

Ариун цэврийн болон хувцас сольдог өрөө бол хүний хамгийн нууцлагдмал байх ёстой газар учраас үйлдлээ зогсоох шаардлагыг хүргүүлсэн.

Дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хууль бусаар задруулсан. Улмаар бичлэгийг нийгмийн сүлжээнд тавиад “Энэ хүн миний түрийвчийг авсан" гэдэг байдлаар бичжээ.

Уг нөхцөл байдалд тухайн мэдээлэл хариуцагч байгууллагын мэдээллийн журам нь тодорхой биш байсан.

Зарим журмынхаа заалтыг зөрчиж, байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж мэдээлэл алдагдсан. Буруу мэдээлэл цахимд түгсэн учраас ХЭҮК-ын зүгээс шаардлага хүргүүлсэн байгаа.

Программ хангамж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хүний царай, хөдөлгөөн болон хурууны хээгээр таних боломжтой өгөгдлийг хүний биометрик мэдээлэл гэдэг. Энэ мэдээллийг ашиглахыг хуулиар зөвхөн зургаан тохиолдолд л зөвшөөрсөн байдаг.

  1. УИХ-ын гишүүд ирцээ бүртгүүлдэг, саналаа өгөх
  2. Шүүх шинжилгээний байгууллагаас шинжилгээ хийх
  3. Гадаад улсын иргэд Монгол Улсын хилээр нэвтрэх гэх мэтчилэн тохиолдол бий. 

Хурууны хээгээр цагаа бүртгүүлдэг байсныг хуулиар хориглосон. Гэтэл одоо болтол эрүүл мэндийн байгууллагад цахим жор олгохдоо хурууны хээг ашиглаж байна.

Энэ тухай манайд гомдол ирснээр зогсоох шаардлагыг тавьж байгаа.

Нийгмийн сүлжээнд иргэд хоорондын асуудлаа тавьж, нэгнийхээ эрхийг зөрчдөг. Жишээ нь өөрийнхөө профайл дээр өөр хүний зургийг тавьчихдаг.

Түүнчлэн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад "Намайг хохироосон учраас энэ хүн гэмт хэрэгтэн" зэргээр нийгмийн сүлжээнд мэдээлэл нийтэлдэг асуудал бий. 

Тухайлбал салбарын баярын үеэр архи уусан эмэгтэйн бичлэгийг сошиал орчинд нийтлээд “Гурван хүүхэдтэй байж ингэлээ” гээд бичсэн байна. Үүнийг нь орон нутгийн албан ёсны мэдээллийн сайт дээр нь гаргасан байгаа юм. ХЭҮК-ын зүгээс энэ асуудлыг маш эмзгээр хүлээн авсан.

Тухайн анги эсвэл сургуулийн фэйсбүүк группээр дамжуулан хүүхдүүдээс маш дэлгэрэнгүй судалгаа авдаг. Улмаар нөгөө хүний хувийн мэдээллийг маш багаар цуглуулах зарчмыг зөрчдөг.

Тухайлбал хойд аав, ээжтэйгээ амьдардаг уу?, хагас өнчин үү, бүтэн өнчин үү?, танайд ийм удамшлын өвчтэй хүмүүс байдаг уу? зэрэг хүний эмзэг мэдээллийг групп чатаар авсан тохиолдол байдаг.

ХЭҮК-оос хатуу шаардлага хүргүүлсэн.

"Эрдэнэ үйлдвэр"-ийн цехийн халуун усны газарт хяналтын камер байршуулсан талаар тус үйлдвэрийн ҮЭ-ийн ажилтан өөрийнхөө чиг үүргийнхээ дагуу нийгмийн сүлжээнд тавьсан. Улмаар асуудлыг шийдвэрлэсэн.

Гэхдээ тухайн камер ажилладаггүй гэсэн учраас цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгээгүй юм билээ. 

Нөгөөтээгүүр мэдээллийг нийгмийн сүлжээнд тавьсан ажилтныг “Үйлдвэрийнхээ эсрэг ийм мэдээлэл тавилаа" гэж буруутгасан шинжтэй үйлдэл гаргасан. 

Өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэдэг асуудал бий. УИХ-аас 2015 онд баталсан эрүүгийн хууль, 2017 онд хүчин төгөлдөр болсон. 

Хүн гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгүүлээд болох ёстой гэдгийг манай хуульд тусгасан мөртлөө өөр бусад салбар хуулиудад ялтай байсан бол ажилд ороход хязгаарлалттай. Өмнө нь шүүхээр шийтгүүлж байсан бол ажилд ороход хязгаартай гэдэг асуудлууд бий. 

Гэхдээ энэ бол байх ёстой асуудал. Төрийн алба, Авлигатай Тэмцэх Газар шүүгчээр томилогдож байгаа хүний түүх маш цэвэр байж ард түмний итгэлийг хүлээдэг. Гэтэл үүний тэнцвэр алдагдаад хуулийн цоорхой гарсан асуудал байгаа.

Жишээлбэл Монголбанкнаас үзүүлдэг аутсорсинг үйлчилгээг нэг хуулийн этгээд авъя гэсэн чинь тухайн хуулийн этгээдийн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага нь эдийн засгийн эсрэг гэмт хэрэгт шийтгэлтэй байна гэсэн.

Нөгөө этгээд нь 1990 оны үед бусдын эд хөрөнгийг бага хэмжээгээр шамшигдуулах гэдэг хэрэг үйлдээд 20 мянган төгрөгийн ялтай байдаг. Тэр нь өнөөдрийг хүртэл тэр хүнийг дагаад явж байгаа. Энэ талаар Монголбанканд зөвлөмж хүргүүлсэн ч хэрэгжилт тааруу.