Улсын онцгой комиссын хурал өнөөдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцлээ.
Иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаахаар боллоо.
Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд дэлгэрэнгүй танилцуулах, нутаг буцах иргэдээс PCR-ын шинжилгээг бөөгнөрөл үүсгэхгүй авах, шинжилгээний нэмэлт цэг байгуулах бэлтгэлээ бүрэн хангах асуудлыг хэлэлцсэн байна.
Иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч байх зорилгоор хөгжүүлсэн гурван аппликейшнийг нэгтгэн нэг болгож арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлэхээр болов.
Аппликейшн нэвтрүүлснээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд QR код уншуулан халдвар гарсан байршил, ойрын болон дам хавьталд өртсөн эсэх зэрэг мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм.
Мөн энэ удаагийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах, бэлэн байдлын зэргийг бууруулах эсэх талаар хэлэлцээгүй. Нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, гарах шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа үндэслэл, тооцоо, судалгаатай боловсруулж ирүүлэхийг комиссын гишүүд, нийслэл, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгалаа. Энэ долоо хоногт багтаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Гамшигтай тэмцэх тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, Улсын онцгой комиссын хурлуудаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар комиссын гишүүдэд үүрэг болгов.
Эх сурвалж: ЗГХМХХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!