НИТХ-ын анхдугаар хуралдаанаар Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг төлөөлөгчид дэмжсэн билээ.
Нэр дэвшигч Д.Сумъяабазарыг НИТХ-ын төлөөлөгчдийн 50-аас дээш хувийн саналаар ийнхүү дэмжсэн тул Ерөнхий сайд захирамж гаргаж, батламжлах хуультай.
Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд "Нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд дөрвөн жилийн хугацаагаар томилно. Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нийслэлийн Засаг даргыг томилох шийдвэр гаргана" гэж тусгажээ.
Хэрэв Ерөнхий сайд хотын даргыг томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор болох бөгөөд Засаг даргад дахин нэр дэвшүүлэх юм.
Д.Сумъяабазар хотын даргаар томилогдвол 35 дахь дарга болох юм байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй. Иймд Д.Сумъяабазар гишүүн нийслэлийн Засаг даргаар сонгогдвол бүрэн эрхээсээ татгалзах юм. Ингэснээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах нөхцөл үүснэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!