Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүн амын 1%-д халдвар тархвал эрчимт эмчилгээний 1,500 ор шаардлагатай. Одоогоор 400 ор л бий"

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн асуултад хариуллаа.

Ж.Чинбүрэн гишүүн хэд хэдэн асуудлыг тодруулан асуусан бөгөөд COVID-19-ийн халдвар хүн амын дунд дэгдсэн тохиолдолд хэрхэн ажиллах, бэлэн байдлаа хангасан эсэхийг тодруулсан юм.

Уг асуултад ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан "Эрчимт эмчилгээний орны асуудал маш чухал. Хүн амын 1%-д халдвар тархлаа гэж тооцоолоход бидэнд эрчимт эмчилгээний 1,500 орчим ор шаардлагатай болно. Одоогийн байдлаар эрчимт эмчилгээний 400-450 ор байгаа бөгөөд нэмээд дор хаяж 1,000 ор бэлтгэх шаардлагатай.

Эрчимт эмчилгээний ор гэдгийг тодруулж хэлбэл, эрчимт эмчилгээнд хэрэглэгдэх төхөөрөмжүүд буюу амьсгалын аппарат, хяналтын монитор гэх мэт тоног төхөөрөмжүүд иж бүрнээрээ байх ёстой гэсэн үг. Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлээр эрчимт эмчилгээний үед шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг иж бүрнээр нь 600-г авахаар захиалгаа хийчихсэн. Ирэх саруудад тэдгээр тоног төхөөрөмж ирнэ.

Бэлтгэл ажлыг хангаж байгаа хэдий ч ямар ч тохиолдолд бэлэн байхын тулд бүх шатны эмнэлгүүдийн чадавхыг сайжруулах нь чухал. Ирэх онуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийснээр ямар ч тохиолдолд бэлэн байх болно гэсэн бодолтой байна" хэмээн хариулав.

"250 орноос илүү хэмжээний ачаалал авбал бид халдварыг олон нийт дунд алдах магадлал туйлын өндөр"

Гадаадад гацсан иргэдийг татан авах ажил ч гэсэн эмнэлгийн орны тооноос хамаарч байгааг "Syndicate talk" нэвтрүүлгийн үеэр  Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлж байв.

Тэрбээр "10 мянган хүнээ ямар нэг байдлаар авч ирээд, энд тэнд тусгаарлаж чадлаа гэж бодоход Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ор 250 ширхэг байдаг. Иймээс энэ 250 орноос дээш ерөөсөө гаргаж болохгүй. Энэ тоонд баригдах ёстой. Гадаадын улсуудад өвчин тараад байгаагийн 80, 90 хувь нь эрүүл мэндийн байгууллагаасаа алдсантай холбоотой. Энэ 250 орноос илүү хэмжээний ачаалал авбал бид халдварыг олон нийт дунд алдах магадлал туйлын өндөр болно. Тооцоолол хийж үзэж байгаа" хэмээсэн юм.

Өвчлөл хүн амын дунд тархахад хүрвэл эрүүл мэндийн тогтолцоо хэр хэмжээний ачаалал даах чадавхтай талаар нийгмийн эрүүл мэнд судлаач О.Батбаярын бэлтгэсэн мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.