Индэр    
2020 оны 4 сарын 21
Зураг
Нийгмийн Эрүүл Мэнд судлаач

КОВИД 19 ба Монгол Улсын эмнэлгийн орны тоо, эрчимт эмчилгээний нөөц

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах тухай                                

КОВИД-19 холбоотойгоор улс орон бүр өөрийн орны нөхцөл байдлыг үнэлж, учирч болох хүндрэлд тодорхой бэлтгэлтэй байх нь чухал.  КОВИД-19 өвчлөлтэй холбоотой нас баралтын эзлэх хувь улс орон бүрт олон хүчин зүйлийн улмаас ялгаатай 2-8%-ийн хооронд хэлбэлзэж байна. Өвчлөгсдийн нас баралтад эрүүл мэндийн тогтолцооны хүчин чадал, бэлэн байдал, эмч мэргэжилтний ур чадвар, хүрэлцээ, хүн амын суурь эрүүл мэнд гээд олон зүйлс шууд нөлөөлж байна.

КОВИД-19 халдвараар хүндрэх эрсдэлт бүлэг      

 Анагаахын шинжлэх ухааны ул суурьтай судалгаа хэвлэгддэг “The Lancet” сэтгүүлийн энэ оны 3-р сарын дугаарт хэвлэгдсэн өгүүлэлд Итали улсад Ковид-19 хүндрэлийн улмаас нас барсан тохиолдлын дундаж нас 81 байсан ба тэдний ⅔ нь чихрийн шижин, хавдар, зүрх судасны эмгэгтэй, мөн тамхи татдаг хүмүүс байсан тухай дурджээ. Харин БНХАУ-ын Ухань хотод КОВИД-19 -оор дунд болон хүнд явцтай өвчилсөн 799 өвтөний 14% нь нас барснаас  48% нь зүрх судасны өвчтэй байжээ.

  • Тамхи татдаг хүмүүс КОВИД-19 халдвар авсан тохиолдолд хүндрэх, нас барах эрсдэл өндөр бүлэг болж байна. Халдвар авсан тамхи татдаг хүн халдвар авсан тамхи татдаггүй хүнээс 1.4 дахин илүү хүндэрч улмаар нас барах эрсдэл 2.4 дахин их байгааг дурджээ. 2016 оны судалгаагаар Монгол Улсад 15-с дээш насны эрэгтэйчүүдийн 46.3%, эмэгтэйчүүдийн 6.8% нь тамхи татдаг гэжээ. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хувьд 2 хүн тутмын 1 нь тамхи татдаг нь том эрсдлийг дагуулж байна.

  • Сүрьеэ: Амьсгалын замын халдварт бус өвчин дээр нэмэгдээд жил бүр шинээр өвчилж буй сүрьеэтэй өвчтөнүүд ч мөн энэ эрсдэлт бүлэгт орно. Монгол Улс Номхон далайн баруун эргийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй 4 улсын нэг юм. Сүрьеэ өвчний үед 70-80% нь уушгийг гэмтээдэг учраас КОВИД-19-тай хавсарсан тохиолдолд нас барах маш өндөр эрсдэлтэй. Монгол Улсад жил бүр нийт 12,000 орчим хүн шинээр сүрьеэгээр өвчилж, тэдгээрийн 4,000 орчим нь оношлогдож байна гэсэн судалгаа бий (Монгол Улс дах сүрьеэгийн тархалтын судалгаа 2014-2015). ДЭМБ-аас ч мөн сүрьеэ КОВИД-19-тай хавсарсан тохиолдолд өндөр эрсдэлтэй тухай анхааруулж байна.
     
  • Агаарын бохирдолд удаан хугацаанд амьдарсан хүмүүс мөн КОВИД-19 халдвар авсан тохиолдолд өвчтөнүүдийн хүндрэлд сөргөөр нөлөөлж буйг Харвардын судалгаагаар нотолжээ.

Дээрх тоо баримтаас харахад хэрэв Монголд КОВИД-19 халдвар тархсан тохиолдолд хүндрэх, нас барах эрсдэл өндөр байх магадлал өндөр байна.

Насжилт: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тайланд 2018 оны байдлаар Монгол Улсын хүн амын дундаж наслалт 70 жил, үүнээс эрэгтэйчүүд 66 жил, эмэгтэйчүүд 75 жил байна.  Мөн хүн амын дунд  65-с дээш насны хүн 4.1% байна.

Суурь өвчлөл: Монгол Улсын хүн амын тэргүүлэх өвчлөлд амьсгалын замын өвчин, хоол боловсруулах замын эмгэг, зүрх судасны эмгэг орж байна. Зүрх судасны эмгэгийн 50.3%-ийг даралт ихсэх өвчин эзэлж байна. Тэгвэл зонхилон тохиолдох буй эмгэгүүдийг 10,000 хүн тутамд бодоход 748 нь даралт ихсэх, 89 нь чихрийн шижин, 184 нь элэгний эмгэгтэй, 164 нь уушгины хорт хавдартай байна.

Зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын эмгэгийн нас баралтад хүргэх тоон үзүүлэлтийг харахад улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нас баралтын 61.4%-ийг эзэлсэн байна. Эдгээр үзүүлэлт нь 30-70 насны хүн амд өндөр түүн дотроо мөн л эрэгтэйчүүд 32%-иар илүү нас барсан байна.

Өвчлөл хүн амын дунд тархахад хүрвэл эрүүл мэндийн тогтолцоо хэр хэмжээний ачаалал даах вэ?

КОВИД-19 цар тахлын үед нийт халдвар авсан тохиолдлын 80 орчим хувь хөнгөн хэлбэрээр өвчилж, 14% нь эмнэлгийн тусламж зайлшгүй авах шаардлагатай,  харин  5% нь эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ, зохиомол амьсгалын аппарат хэрэглэх шаардлагатай гэж тооцсон байна.  Гэтэл Итали улсад нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 9-11% нь эрчимт эмчилгээ шаардлагатай байсан талаар Италийн ЭМЯ-наас мэдээлсэн байна.

Мөн БНХАУ-д ажилласан ДЭМБ-ын тайланд нийт тохиолдлын 13.1% нь биеийн байдал хүнд буюу хүчилтөрөгч эмчилгээ шаардлагатай, 6.1% нь маш хүнд буюу амь тэнссэн байдалтай эрчимт эмчилгээ шаардлагатай байсан талаар дурджээ. Нийт маш хүнд гэж ангилагдан эрчимт эмчилгээний тасагт шилжсэн өвчтөний 49% нь нас барсан гэсэн тоо баримт ч байна. Шинж тэмдэг эхэлснээс нас барах хүртэл 2-8 долоо хоног болж, эрчимт эмчилгээний дундаж ор хоног 2-6 долоо хоног байсан гэжээ.

The Lancet сэтгүүлд 2-р сард хэвлэгдсэн өгүүлэлд эмнэлэгт хэвтэх дундаж хоног 22 хоног, шинж тэмдэг эхэлснээс хойш эрчимт эмчилгээнд орсон хугацаа 14.5 хоног байсан гэжээ. Өнөөгийн нөхцөлд Монгол Улсад энгийн тасагт эмчлүүлж буй өвчтөний эмнэлгийн ор хоног дунджаар 7.2 хоног, ор ашиглалт 88%-тай байдаг тоо мэдээлэл байна. 

Гэтэл КОВИД-19 өвчлөлийн хувьд ор хоног харьцангуй урт учраас орны эргэлт багасч, дараа дараагийн өвчтөнүүдэд хомсдол үүсэх нөхцөл бий болно.

Эмнэлгийн орны тоо, хүний нөөцийн өнөөгийн байдал

Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн 2 болон 3-р шатлалын эмнэлэг 46 (төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг-13, бүсийн оношилгоо эмчилгээний төв-5, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг-26), нийт улсын хэмжээнд эмнэлгийн орны тоо  24,884 байна. Гэхдээ эдгээрээс мэс засал, гэмтэл, төрөх, эмэгтэйчүүд, сэтгэц зэрэг зарим төрөлжсөн тусламж үйлчилгээний орны тоог хасахад даруй 2 дахин буурна. Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 1 эмчид 283, 1 сувилагчид 256 өвчтөн ногдож байжээ.

Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүчин чадал, өнөөгийн байдал

Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хувьд дэлхий дахинд харьцангуй залуу салбарт орох бөгөөд хөгжиж эхлээд 50 гаран жил болжээ.

Олон улсад эрчимт эмчилгээний ор гэсэн тодорхойлолтод зөвхөн өвчтөний хэвтэх ор бус түүнийг дагалдах тоноглол, багаж төхөөрөмж болон боловсон хүчнийг хамтад нь оруулж тооцдог байна.

Ази тивийн хувьд 100,000 хүнд ногдох орны тоо хөгжиж буй орнуудад 2-3 бол өндөр хөгжилтэй улсуудад 100,000 хүн амд 12.6 ор ногддог байна. Харин Европын өндөр хөгжилтэй улсуудад энэ тоо 100,000 хүн амд 9.6 байна. Итали улсад 100,000 хүн амд 12.5 ор ногддог байна.

Монгол Улсын хувьд М.Наранпүрэв, Б.Цолмон нарын 2014 оны судалгаагаар эрчимт эмчилгээний нийт ор 349 ба 69% нь насанд хүрэгчдэд, 31% нь хүүхдэд зориулагдсан гэжээ. Энэ нь 100 эмнэлгийн оронд 1.7 эрчимт эмчилгээний ор оногдож байна. Гэвч олон улсын стандартын дагуух тодорхойлолтоор авч үзвэл энэ тоо 50%-иар буурч байгаа нь амьсгалын аппарат болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орны тоо бага байгаатай холбоотой юм.

Гэвч эдгээр эрчимт эмчилгээний ор нь эмнэлэг бүрт харилцан адилгүй тоотой гэдэг нь тодорхой юм.

  • 2014 онд Л.Өнөрзаяа нарын II, III шатлалын 34 эмнэлгийг хамруулсан асуумжийн судалгаанаас харахад манай улсын хэмжээнд эмнэлгийн нийт орноос эрчимт эмчилгээний орны эзлэх хувь 2.6%, 220 эрчимт эмчилгээний оронд 54 зохиомол амьсгалын аппарат ногдож байна (Intermed hospital facebook page).
  • Ази тивийн 23 орныг хамарч 2017-2019 оны 9-р сарын хооронд мэдээлэл цуглуулж 2020 оны 1-р сард хэвлэгдсэн нэгэн шинжлэх ухааны өгүүлэлд Монгол Улс эрчимт эмчилгээний 43 тасагт 271 ортой гэж мэдээлжээ. Энэ нь 100,000 хүнд 8.8 ногдож байна. Харин Тайван улс хамгийн өндөр буюу 100 000 хүнд 28.5 ор ногддог байна.
  • Харин ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа Твиттер хуудсаараа дамжуулан Монгол улсад өнөөгийн байдлаар 425 зохиомол амьсгалын аппарат байгаа ба 400-г нэмж захиалсан, нөөцөд 70 зохиомол амьсгалын аппарат бий гэжээ. Энэ нь 100 000 хүнд 13.1 оногдож байгаа нь хөгжсөн орны түвшинд хүрсэн үзүүлэлт байна. Гэхдээ эдгээр эрчимт эмчилгээний орны хуваарилалт, ашиглалт, хүний нөөц, эм урвалж бодисын хангамж зэргийг цогцоор нь авч үзэхэд шаардлагатай зүйлсийн хүрэлцээ хангамжийн талаар мэдээлэл тодорхойгүй байна.

Энэ чиглэлийн тусламж үйлчилгээний чадавх хэр зэрэг сайжирсан тухай мэдээлэл, суурь судалгаа хангалтгүй байна.

АУҮИС-ийн багш, доктор М.Наранпүрэв эмчийн Ikon.mn сайтад өгсөн 2019 оны 7-р сарын нэгэн ярилцлагад сэхээн амьдруулах тусламж үйлчилгээний салбарын хүний нөөцийн хувьд улсын хэмжээнд эмчийн тоо хангалтгүй, 1 сувилагчид 6-7 өвчтөн ногдож байгаа нь дэлхийн стандарттай харьцуулахад хангалтгүй буюу 3-4 дахин дутагдалтай гэжээ. Мөн ярилцлагад судалгаагаар эрчимт эмчилгээнд орж буй 1 өвчтөнөөс эмчилгээнд гарах зардал 2.9 сая төгрөг бөгөөд 200,000 төгрөг нь даатгалын сангаас төлөгдөж, үлдсэн 2.7 сая төгрөг нь өвчтөн болон эмнэлгээс гарах зардал болдог гэжээ (https://ikon.mn/n/1mtc). 

Бид цаашид яах ёстой вэ?

Эмнэлгүүдийн хувь ДЭМБ-аас гаргасан эмнэлгийн бэлэн байдлын хяналтын хуудсын дагуу бэлэн байдлаа ханган ажиллах нь зүйтэй.

Харин шийдвэр гаргагчид, засгийн газар эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний өнөөгийн чадавхыг цогцоор нь үнэлэх,  нөөц бололцоогоо шаардлагатай газар зөв хуваарилах, хүний нөөцийг шаардлагатай бол нэмэлтээр сургах, зардал санхүүгийн хэрэгцээг мөн тооцоолох зайлшгүй шаардлага байна.

Харин халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, зай барих зэргээр эрсдлээс өөрийгөө хамгаалах нь иргэн бүрийн хувьд чухал.

 

Нийтлэлийг бичсэн:

  • Д.Мөнхжаргал (Япон улсын Кансай анагаах ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн тэнхмийн докторант)
  • Ж.Байгалмаа (Финланд улсын Тамперийн их сургуулийн нийгмийн эрүүл мэнд, тархвар судлалын хөтөлбөрийн докторант)
  • О.Батбаяр (Нийгмийн эрүүл мэнд судлаач, MSc London School of Hygiene and Tropical Medicine)
  • Мөн нийтлэлд үнэтэй санал өгсөн Доктор, Дэд Профессор Д.Жавхланбаяртаа (Зүүн Финландын Их Сургуулийн Эрүүл Мэндийн Бодлого болон Эдийн Засгийн ахлах багш) маш их баярлалаа.