Зураг
Зураг
Индэр    
2021 оны 2 сарын 20
Зураг
Нийгмийн Эрүүл Мэнд судлаач

COVID-19-ийн эсрэг вакцины эргэн тойронд

Зураг
Эх сурвалж: FT

ОХУ-ын вакцины үйлдвэрлэл удаашрав 

Оросын Спутник вакциныг захиалсан орнуудын тоо нэмэгдсэн ба Орос улс вакцинаа Бразил, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос улсуудын вакцины үйлдвэрт үйлдвэрлүүлэн хангахаар төлөвлөж байгаа билээ.

Russian Direct Investment Fund (RDIF) гэх Оросын төрийн өмчит хөрөнгө оруулалтын компани вакцины үйлдвэрлэл ба санхүүжилтийг хариуцаж байна. Энэ байгууллага одоогоор 10 орны 15 үйлдвэрлэгчтэй 1.4 тэрбум тун вакцин үйлдвэрлэж, 700 сая хүнийг вакцинжуулах гэрээг зуржээ.

2021 оны хоёрдугаар сард Оросын вакцины 3 шатны судалгааны мэдээлэл судалгааны томоохон сэтгүүлд хэвлэгдэх шалгуурыг давж хэвлэгдэн 91.6 хувийн үр дүнтэй хэмээн мэдээлсэн болно.

Оросууд вакцинаа экспортын томоохон бүтээгдэхүүн болно гэж үзэж байгаа ба Калашниковын автоматтай зүйрлэж байгаа юм. Учир нь 10 долларын үнэтэй Орос вакцин хадгалалтын энгийн буюу 2-8 градуст хадгалах боломжтой бөгөөд вирусийн эсрэг сайн үр дүнтэй гэдгээрээ бусад вакцинаас онцлог байгаа билээ.

 

Оросын вакциныг үйлдвэрлэх орнуудын дийлэнх нь өөрийн хэрэгцээг хангах бол Бразил ба Энэтхэг дэх вакцины үйлдвэрүүд экспортлох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Германы канцлер Ангела Меркель саяхан Оросын вакциныг Европын Холбооны Эмийн агентлаг бүртгэх юм бол хамтран үйлдвэрлэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Харин судлаачид одоо ч эхлээгүй байгаа үйлдвэрлэл хэрэглэгчид ба захиалагчдаа хүлээлгэх эрсдэлтэй байгааг онцлов. 

Хятад ба Тайванийн вакцины асуудал

 
Эх сурвалж: Reuters

Тайвань BioNTech компаниас 5 сая тун вакцин авах гэрээ хийх хэлэлцээрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Германы талтай хийж эхэлсэн ба энэ хэлэлцээ бүтэлгүй болсон гэдгийг Тайванийн Эрүүл мэндийн сайд Чэн Шин-Чунг мэдээллээ. Тэрбээр энэхүү хэлэлцээ маш амжилттай явж байсан ба улс төрийн нөлөө орсноос бүтэлгүйтсэн гэж үзэж байгаагаа хэлжээ. Германы BioNTech компани БНХАУлсын Fosun Pharmaceutical компанитай гэрээтэй бөгөөд тус компани Хятад дахь  борлуулалтыг хангаж байгаа юм байна. Тайванийн тал Германы талтай хэлэлцээ хийж, гэрээ зурах үед БНХАУ-ын Fosun Pharmaceutical компани оролцож, гэрээг зогсоосон гэж үзжээ. Энэхүү маргаан нь илүү дилерийн эрхийн маргаан мэт харагдаж байвч улс төрийн нөлөө мөн байгаа гэж үзэж байгаа ажээ.

Тайвань КОВИД-19-тэй маш амжилттай тэмцсэн улсуудын нэг боловч вакцинжуулалт удаашралтай байгаа билээ. Тайвань 10 сая тунг AstraZeneca, 5 сая тунг  Moderna компаниас авах гэрээг хийж чадсан ба вакцинжуулалтаа гуравдугаар сард эхлэхээр төлөвлөж байна.

24 сая хүн амтай Тайваньд BioNTech авах вакцин нь хүн амын дийлэнх хувиа вакцинжуулах хөтөлбөрийг амжилттай явуулахад нь их чухал байсан бөгөөд энэ гэрээ цуцлагдсан нь том цохилт болжээ.

Pfizer, Moderna ба AstraZeneca бүгд Өмнөд Африкийн мутацитай вируст үйлчлэл сул байгааг мэдээлэв

 
Эх сурвалж: BBC

Техасын Анагаахын сургуулийн судлаачид ба Pfizer, BioNTech компанийн судлаачид хамтран коронавирусийн эсрэг BioNTech/Pfizer-ийн вакцин дээр судалгаа хийснийг Энэ The New England Journal of Medicine сэтгүүл нийтлэв. Вакцины туршилтад оролцсон 20 хүний цусанд хийсэн уг судалгаагаар Pfizer, BioNTech вакцинаар вакцинжуулсан цусыг Өмнөд Африкийн 501.V2 мутацитай вирусээр халдварлуулан хэдий хэмжээний антибоди буюу эсрэг биет нийлэгжүүлж байгааг судалсан байна. Судалгаагаар тооцоолсоноос ⅔-оор бага антибоди нийлэгжүүлж байгааг нотолжээ. 

Судлаачид лабораторид хийгдсэн энэ судалгаанаас шууд дүгнэлт хийхэд бэрхшээлтэй гэдгийг онцолсон байна.

Мөн АНУ-ын Халдварт өвчин ба Харшил судлалын Үндэсний төвийн судлаачид Moderna вакциныг үйлдвэрлэгч компанитай хамтран хийсэн судалгаагаар мөн сул үйлчлэл үзүүлж байгааг, тодруулбал, антибоди нийлэгжүүлэлт ⅙-ээр багассан байгааг тогтоожээ. 

Өмнөд Африкт 501.V2 хэлбэрээр коронавирус генетик өөрчлөлтөд ороод байгаа билээ. Үүнээс E484K гэсэн генетик өөрчлөлт нь хамгийн аюултай бөгөөд хүний эсэд вирус нэвтрэн орохдоо ашигладаг “spike” уургийн хэлбэрийг өөрчилсөн ба хүний дархлааны систем энэ уургийг таньж вирусийг устгахаар дийлэнх вакцинууд бүтээгдсэн билээ. Бразилд мөн ийм мутацид орсон вирус бүртгэгдсэн ба Британид ч тархсан B.1.1.7 мутацитай вирус E484K генетик өөрчлөлттэй хэлбэрээр бүртгэгдэж эхэлсэн байна. E484K гэсэн генетик өөрчлөлттэй вирусийг дархлааны эсүүд устгаж чадахгүй тул илүү халдвар тараах чадвартай гэж хэлж болно. Харин илүү хүндээр өвдүүлдэг эсэх нь нотлогдоогүй байна. 

Өмнөд Африкийн БНУ-ын засгийн газар өнгөрсөн долоо хоногт мөн өөрсдийн судлаачдын хийсэн судалгааг зарласан. 

Oxford/Astra-Zeneca вакцин тус улсад тархаад байгаа мутацид орсон вирусийн эсрэг “minimal” буюу сул үйлчилгээ үзүүлж байна гэсэн судалгааг Өмнөд Африкийн судлаачид нийтэлсэн ба үүн дээрээ үндэслэн Astra-Zeneca вакциныг хэрэглэхээ зогсоож, захисан вакцинаа өөр вакцинаар солихоор шийдээд байгаа билээ.

Тус улсад вакцин хийлгэсэн боловч өвчилсөн 2,000 хүний дунд уг судалгааг хийсэн ба дунджаар 31 настай, зөвхөн хөнгөн буюун хөнгөвтөр өвдсөн хүмүүс байсан байна. Судалгаанд хүнд буюу хүндэвтэр өвдсөн хүмүүсийг хамруулаагүй байна. 

Гэсэн хэдий ч бүх вакцин үйлдвэрлэгч вирусийн халдвар авсан ч вакцинууд хүндрэлээс сэргийлж, амь насны аюулаас сэргийлнэ гэдгийг онцолж байна. 

Хөгжилтэй орнуудад гаргаж аваад байгаа вакцинууд мутацид орсон вирусийн өмнө хүчин мөхөстөж эхэлж байх шиг. Дэлхий даяараа вакцинжуулалт эхэлсэн тул КОВИД-19 тойрсон дархлааны орчин өөрчлөгдөж байгаа. Учир нь эхэн үедээ КОВИД-19 вирус огт дархлаагүй хүмүүсийн дунд тархаж байсан. Энэ утгаараа вирус Дарвины хуулиар мутацид орох шаардлага хэрэгцээ байгаагүй. Одоо байдал өөрчлөгдөж байна. Эпидемиологичид жинхэнэ аюул дараагийн 6 сард ирэхээр байна хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, олон сая хүн халдвар авсан мөн олон сая хүн вакцинжуулалтад хамрагдсаны дараа, мөн олон сая хүн вакцинжуулалт хамрагдаж чадахгүй үлдсэнээр  КОВИД-19 вирусийг тойрсон дархлааны орчин ингэж өөрчлөгдсөнөөр шинэ мутацид орсон вирус гарч ирнэ.

Вакцин үйлдвэрлэгч орнууд мутацид орсон вирусийн эсрэг дараагийн шатны вакциныг гаргах чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд хамгийн төгс шийдэл бол universal vaccine буюу вирусийн цөм уурагт үйлчилдэг вакцин гаргах чиглэл лүү явж байна.

Одоогийн бүх вакцин вирусийн гадаргуугийн уургууд руу чиглэсэн ба гадаргуугийн уургууд мутацид ордог бол цөм уураг нь мутацид ордоггүй ажээ.

Мөн зарим компани тухайлбал, Merck зэрэг томоохон компани вакцин руу биш өвдсөн хүн хэрэглэж, богино хугацаанд үр дүн өгдөг, хүндрэлээс сэргийлдэг эмүүдийг гаргах чиглэлээр ажиллаж байна. 

Тун удахгүй хүн төрөлхтөн энэ вирусийг ялж чадна гэдгийг вирус гарснаас ганцхан жилийн дотор гарсан дэвшлүүд харуулж байна. 

Вакцинжуулалт эрчимтэй хийж буй Британийн судлаачид вакцин биш хөл хорио үр дүн өгч байгаа судалгааг нийтэллээ

 
Эх сурвалж: BBC

Их Британи улсад тогтоосон хөл хорио хэрхэн үр дүн өгч байгааг тогтоох зорилготой Imperial College их сургуулийн судлаачдын React-1 судалгааг мөн нийтэлжээ. Тус улс 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарыг хүртэл хөл хорио тогтоогоод байгаа юм. 

Судлаачид 85,400 хүний 2021 оны 2 сарын 4-13 өдрүүдийн шинжилгээний сорьцыг санамсаргүй түүвэр аргаар судласан байна.  Сорьцоос үзэхэд сорьц өгсөн хүмүүсээс 0.51 хувь нь халдвар авсан  байгааг мэдээлжээ.

Тус сургуулийн Профессор Стивен Рилэй хэлэхдээ “Энэ бол бидний тооцоолж байснаас маш бага үзүүлэлт юм. Энэ эерэг бас урам өгсөн судалгаагаар бид хөл хорионы арга хэмжээ манай улсын бүх нутагт, бүх насын хүмүүсийн дунд өвчлөл буурахад үр дүн өгсөн гэдгийг нотолж байна. Хамгийн том үр дүн бол нийслэл Лондон хотод хөл хорионы өмнө 2.83 хувьтай байсан өвчлөл 0.54 болж буурсан. Хамгийн бага бууралт Зүүн хойд бүсэд бүртгэгдсэн ба 1.22 хувиас 0.82 хувь болж буурсан” гэж мэдэгдлээ.

Гэсэн хэдий ч энэ бол бага тоо биш юм. Энэхүү судалгаанаас харахад 200 хүн тутмаас 1 хүн хөл хорионы үед халдвар авсан гэсэн үг. Судалгааны бас нэг сонирхол татсан дүн бол 5-12 ба 18-24 насны бүлэгт хөл хорионы үед өвчлөл хамгийн өндөр буюу 110 хүн тутмын 1 нь өвчилсөн байна. 

Мөн энэхүү судалгаагаар вакцин хийлгэсэн 65-аас дээш насны ргэдийн дунд өвчлөл хангалттай, статистикийн магадлалтайгаар буурсан баримт олоогүй байна. Тэд энэхүү баримтан дээр үндэслэн вакцинжуулалт биш, хөл хорио өвчлөлийг буурахад илүүтэй нөлөөлсөн гэсэн дүгнэлтээ хийжээ. Их Британи одоогоор 15 сая хүнд вакцины эхний тунг тариад байгаа юм. 

Империал коллеж энэхүү судалгааны дэлгэрэнгүй тайланг удахгүй нийтлэхээ мэдэгдсэн байна.