Зураг
Зураг
Индэр    
2021 оны 2 сарын 18
Зураг
Нийгмийн Эрүүл Мэнд судлаач

Дэлхийн гурван том вакцин үйлдвэрлэгч ямар шалтгаанаар вакцинаа бүтээж чадаагүй вэ

Зураг
Эх сурвалж: BioPharma

Дэлхийн улс орнууд КОВИД-19 вакцинжуулалтыг ид хийж байх үед дэлхийн 4 том вакцин үйлдвэрлэгчийн гурав нь болох GlaxoSmithKline(Их Британи), Merck(АНУ) ба Sanofi(Франц) компаниуд яагаад вакцинаа үйлдвэрлээгүй вэ гэсэн асуулт гарч ирлээ. 

Нью-Жерси хотод байрлах Merck компани бүтээж байсан вакцины төслөө зогсоосон бол  Францын Sanofi  ба Британи улсын GSK компани хамтран бүтээж байгаа вакцины туршилт дээрээ тунгийн алдаа гаргасан тул туршилтаа дахин эхлүүлэхээс өөр аргагүй болсон байна.

2020 онд GSK, Sanofi, Merck ба Pfizer гэх дөрвөн компани дэлхийн вакцины зах зээлийг голлон эзэмшдэг топ компаниуд байв. Тэд томуу, HPV вирус, пневмони зэрэг өвчий вирусийг үйлдвэрлэдэг байв. Эдгээр компаниас одоогын байдлаар Pfizer компани л Германы BioNTech компанитай хамтран КОВИД-19 вакциныг бүтээж чадсан байна.

Бизнес судлаачид Pfizer компани энэ жил вакцины борлуулатаас  хийх ашгаа 3 дахин нэмж чадах бол Novavax ба Moderna компаниуд вакцины борлуулалтаас хийсэн ашгаараа Merck, GSK мөн Sanofi компанийн урд гишгэхээр байна гэжээ. Мөн харьцангуй хямд вакцин хийж буй  ч AstraZeneca ба Johnson & Johnson компаниуд 2021 онд дэлхийн том вакцин үйлдвэрлэгч болж хувирахаар байна. Үүнийг тэдний хувьцааны үнэ хэрхэн өөрчлөгдсөнөөс харж болно. Тухайлбал, Novavax хувьцаа 6,400%, Moderna-ийн хувьцаа 850%, BioNTech хувьцаа 190% өссөн бол GSK, Merck ба Sanofi хувьцаа 13 -30%-аар унажээ.  
 

Одоогоор mRNA технологи ашигласан BioNTech/Pfizer ба Moderna компаниуд уламжлалт вакцин хийдэг хугацааг багасгаж чадсан билээ. Цар тахлын өмнө mRNA технологи бүхий вакцин аль ч улсад, тухайлбал АНУ ба Европын холбоонд бүртгэгдээгүй байжээ. 

Merck компанийн захирал Кен Фрейзер өнгөрсөн оны тавдугаар сард 12– 8 сарын дотор вакцин хийх боломжгүй санагдаж байна гэж зарлаж байжээ. Учир нь энэ бол тийм амар зүйл биш байжээ. Moderna компани mRNA технологи бүхий вакцин дээр ажиллаж байсан  ба төлөвлөсөн хугацаанаасаа 4-5 жилийн өмнө бүтээж  бүртгүүлж чадсан нь цар тахал тэдний ажлыг хурдасган дэмжсэн гэсэн үг юм.  

Цар тахал жижиг судалгаа хийж байсан старт апп  компаниудад давуу тал олгосон ба тэд санхүүгийн дэмжлэг ба вакцинаа хурдавчилсан горимоор бүртгүүлэх гэх мэт дэмжлэгийг засгийн газруудаасаа олж авч чаджээ. Мөн цар тахал вакцины зах зээлд шинэ тоглогчдыг оруулж ирж тэднийг идэвхжүүлсэн аж. Үүнд Голландын Crucell компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж  орж ирсэн Johnson & Johnson компани ба вакцин огт хийдэггүй байсан AstraZeneca компанийг нэрлэж болно. 

Вакцины 3 том үйлдвэрлэгч өөрсдийн уламжлалт технологи ба аргаар вакцин бүтээх гэж оролдсон байна. Тэд өөрсдийн технологи ба лиценз оюуны өмчийн бичиг баримтад найдаж байжээ. Тэд шинэ технологи ба шинэ санаачилга гаргаагүй хөшүүн хандсан байна. 

Merck компани Ebola вирусийн эсрэг вакциныг үйлдвэрлэгч Австрийн биотехнологийн компанийг худалдан авсан ба тэдний технологийг өөрийн технологид суурилсан вакцин хийх гэж оролдсон нь бүтэлгүйтсэн ба вирусийн эсрэг хангалттай антибоди цусанд үүсээгүй тул төслөө зогсоосон юм. Харин тэд вирусийн эсрэг уудаг, дархлааны системийг дэмждэг, вирусийн өвчлөл хүндрэлээс сэргийлдэг эмийн бэлдмэл бүтээх ажилд илүү анхаарч эхэлсэн байна.

Харин цар тахал эхэлмэгц Pfizer ба Sanofi компани mRNA технологи дээр ажилладаг жижиг компаниудтай түншлэн вакцин бүтээх тактик боловсруулсан бөгөөд Pfizer ба BioNTech түншлэл амжилттай болсон бол Sanofi  ба Translate Bio түншлэл ихээхэн удаашрав.  

GSK компани бүхнийг ор хоосоноос эхлэхийг хүсээгүй бөгөөд Sanofi компанитай хамтрахаар шийдсэн ба бусдад байхгүй өөрийн вакцины зарим технологийг санал болгосон юм. Олон судлаач тэднийг Оксфордын их сургуультай хамтрах болов уу гэж бодож байсан боловч Шведийн AstraZeneca компани илүү шуурхай байж хамтын ажиллагаа эхэлсэн билээ. Оксфордын их сургуулийн судлаачид AstraZeneca компанитай хамтрах гэрээндээ ихээхэн чухал зүйл оруулсан нь вакцины үнийг хямд байлгаж хөгжиж буй орнуудад нийлүүлэх нөхцөл юм. Энэ бол эрдэмтэд ёс зүйгээ барьж ашгийг хойш тавьсан явдал юм.

Одоогоор GSK Vaccines компанийн зүгээс өөрийн adjuvant хэмээх технологийг мөн бусад компанид санал болгож байгаа ба Канадын Medicago ба Францын Sanofi мөн Хятадын компаниуд энэ технологийг ашиглаж байгаа билээ.

Дэлхийн 3 том вакцин үйлдвэрлэгч цар тахлыг дутуу үнэлж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд ач холбогдол дутуу өгч хувь нэмэр оруулж чадаагүй гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа юм байна. Харин вакцины жижиг үйлдвэрлэгч Орос ба Хятадын компаниуд анх удаа экспорт хийж байгаа нь тэдний хувьд дэвшил юм. 

Sanofi 10 гаран жил хөдөлмөрлөж “dengue” халууны эсрэг вакциныг бүтээх ажлыг амжилттай хийсэн ба GSK компани Хумхаа өвчний эсрэг вакциныг 30 жилийн хугацаанд ажиллаж байж бүтээсэн билээ. Вакцин хийх нь ашигтай бизнес биш байсныг бас хэлэх хэрэгтэй. 15 жилийн өмнөөс Merck компани Gardasil вакциныг умайн хүзүүний хавдрын эсрэг гаргасан бөгөөд  GSK компанийн  Shingrix вакцин амжилт авчирсан ч компаниуд эрт үедээ яваа вакцинд биш хавдрын эсрэг эмүүд лүү анхаарлаа хандуулж байжээ. (Дашрамд дурдахад Их Британи улс 2008 оноос Gardasil вакциныг умайн хүзүүний хавдрын эсрэг хийж эхэлснээр умайн хүзүүний хавдрыг үүсгэгч HPV6 вирусийг 90 хувь бууруулж чадсан ба манай улсад иргэд эсэргүүцсэнээр энэ вакцинжуулалт зогссон билээ).

Жилийн өмнө ч вакцин хийх нь эмийн компаниудад  “unsexy” буюу сонирхол татсан бизнес биш байсан одоо харин хөрөнгө оруулагч нарын хамгийн сонирхдог бизнес болжээ. 
Тухайлбал Translate Bio ба  Sanofi хамтран томуугийн вакцины зах зээлд мөн mRNA технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллах ба жилдээ €2.5 тэрбумыг ашиг хийх төлөвлөгөө гаргажээ.  

Мутацид орсон вирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгчид судалгаа хийж ажиллаж эхэлсэн ба тэдний хийж буй судалгаа, үйлдвэрлэлд шилжүүлэх мөн зөвшөөрөл авах гэх мэт шалтгаанаар хугацаа орно. Moderna 501.V2 буюу Өмнөд Африкийн вирусийн эсрэг вакцины судалгаагаа эхэлсэн ба BioNTech/Pfizer вакцины адил mRNA технологи дээр суурилсан тул давуу талтай байгаа  ажээ. Харин AstraZeneca ба Оросын вакцинууд сулруулсан аденовирус дээр суурилсан тул шинэ вакцин хийхэд ихээхэн хугацаа орохоор байгаа ажээ. 
 
GSK хувьд мөн Ковид19 вирусийн мутацид орсон вирусийн эсрэг шинэ вакцин буюу дараагийн шатны вакциныг бүтээх ажлыг өөрийн дараагийн шатны mRNA технологи дээр суурилан хийхээр төлөвлөж ажиллаж эхэлжээ. Тэд тун удахгүй тэргүүлэх байр сууриа буцаан эзэлнэ гэсэн таамаглал байна. 

Вирус мутацид орсоор байвал хамгийн үр дүнтэй арга бол “universal vaccine ” болж байна. Одоогоор гараад байгаа бүх вакцин бол вирусийн “spike” буюу гадаргуу дээрх уургийн эсрэг чиглэсэн ба “universal vaccine” бол вирусийн гол мэдээллийг агуулдаг цөм уураг руу чиглэсэн байдаг тул вирусийн гадаргуу дээр мутац явагдсан ч үйлчлэх юм. Олон вакцин үйлдвэрлэгч ба судлаачид энэхүү чиглэлээр ажиллаж эхэлжээ.