Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийнхээ дунд судалгаа хийхэд 85%-д нь эсрэг биет үүссэн байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн асуултад хариуллаа.

АСУУЛТ:

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Дотооддоо халдвар алдаагүй байгаа манай улсын хувьд халдвар гарсан тохиодолд ямар арга хэмжээ авах вэ? Бэлтгэл ажлын хүрээнд зарим зүйлийг тодруулмаар байна.

  1. Халдвар гарлаа гэхэд шаардагдах уушги орлуулагч буюу ECMO аппарат улсын хэмжээнд хэд байна вэ?
  2. Хүн амын 1% буюу 32,000 хүн халдвар авлаа гэж үзвэл тэдний 5% нь эрчимт эмчилгээ хийлгэх магадлалтай гэсэн тооцоолол бий. Үүнд бид бэлдсэн үү?
  3. Я.Содбаатар сайдын илтгэлд халдвар аваад эдгэрсэн хүмүүст дархлаа тогтож байгаа байдал бага байна гэсэн өгүүлбэр дурдагдлаа. Манай улсын хувьд эдгэрсэн 289 хүнд дархлаа тогтсон эсэх талаар судалгаа хийгдсэн үү?
  4. Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ф.Мерлинтэй уулзахад тус улсаас манай улсад COVID-19-тэй тэмцэхэд зориулан асар хөнгөлөлттэй нөхцөлөөр 10 сая хүртэл еврогийн зээл олгох боложтойгоо мэдэгдсэн. Энэ хүрээнд ЭМЯ худалдаж авах шаардлагатай хэрэгслүүдийнхээ жагсаалтыг гаргаж өгсөн юм байна. Энэ асуудал Сангийн яаман дээр аль түвшинд явж байгаа вэ?

ХАРИУЛТ:

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: ECMO буюу амьсгал, зүрх судас орлуулагч аппарат манай улсад байгаагүй. Сая уг аппараатаас нэгийг авч Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт байршуулсан. Хэрхэн ашиглах талаар сургалтууд нь явагдаад дууссан бөгөөд маш хүнд тохиолдолд хэрэглэдэг энэ аппаратны нэг удаагийн хэрэгслүүд их өндөр өртөгтэй. ECMO аппаратыг зөвхөн коронавирусийн үед гэлтгүй амьсгал, зүрх судас орлуулах шаардлагатай бусад тохиолдолд ашиглана. Ахиад нэг аппарат авахаар захиалга хийгдсэн. Тэр нь арваннэгдүгээр сард ороод ирнэ.

Эрчимт эмчилгээний орны асуудал маш чухал. Хүн амын 1%-д халдвар тархлаа гэж тооцоолоход бидэнд эрчимт эмчилгээний 1,500 орчим ор шаардлагатай болно. Одоогийн байдлаар эрчимт эмчилгээний 400-450 ор байгаа бөгөөд нэмээд дор хаяж 1,000 ор бэлтгэх шаардлагатай. Эрчимт эмчилгээний ор гэдгийг тодруулж хэлбэл, эрчимт эмчилгээнд хэрэглэгдэх төхөөрөмжүүд буюу амьсгалын аппарат, хяналтын монитор гэх мэтийг иж бүрнээр нь 600-г хангахаар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээл авч, захиалгаа хийчихсэн. Ирэх саруудад тэдгээр тоног төхөөрөмж ирнэ.

Бэлтгэл ажлыг хангаж байгаа хэдий ч ямар ч тохиолдолд бэлэн байхын тулд бүх шатны эмнэлгүүдийн чадавхыг сайжруулах нь чухал. Ирэх онуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийснээр ямар ч тохиолдолд бэлэн байх болно гэсэн бодолтой байна.

Манай улсын хувьд халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дунд эсрэг биет үүссэн үү гэдгийг судалж байгаа. Ингэхэд 85 хувьд нь эсрэг биет үүссэн бол үлдсэн 15 хувьд эсрэг биет үүсээгүй. Гэхдээ бид эсрэг биет үүсээгүй хэдий ч бусдад халдвар тараах, халдварлах чадвар маш сул байх магадлал өндөр гэж үзэж байгаа.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Франц улстай 60 сая ам,долларын өртөг бүхий дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийгдсэн. Тэр үеэр эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн хэлбэрээр 10 сая ам.долларын нэн хөнгөлөлтэй зээл байх тухай асуудал яригдсан. Одоогоор албан ёсны хэлэлцээ хийгдэж, ажил болсон зүйл байхгүй гэлээ.