Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр буулгах санал гаргасан

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
 
mpa.mn

Улсын онцгой комиссоос Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдож, эдийн засагт хүндрэл учраад буй. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар зарим сайд нар болон байнгын хороодын дарга, Монголбанк, МҮХАҮТ-ын удирдлагуудтай уулзаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замын талаар ярилцлаа. 

Уулзалтаар шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотойтоор бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанканд даатгаж, жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даатгалаа. Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсч байгааг хэллээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй" гэв. 

"Техникийн спирт үйлдвэрлэх зорилгоор 10 мянган тн улаан буудайг импортоор авах шийдвэр гаргасан"

 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Шинэ коронавирусийн халдварын тархалттай холбоотой Монгол Улсын хүн амыг хүнсний хомсдолд орохоос сэргийлэх зорилгоор арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тн махыг бэлтгэсэн. Энэ нь өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдсэн хэмжээ юм.  Гурваас долоодугаар сарын хугацаанд сар тутам 3,000 мянган тн буюу өдөрт 100 тн мах нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэгдэнэ гэсэн үг. 

Нөөцийн махны үнэ хямд байгаа. Тасалдал гарах эрсдэл тун бага. Үүнийг дагаад махны үнэ тогтворжино. Нөөцийн махыг 279 цэг, дэлгүүрээр худалдаална. 

Манай улсын гурилны жилийн хэрэгцээнд 300 мянган тн буудай шаардлагатай байдаг. Бид өнгөрсөн онд 246.4 мянган тн улаан буудай хүлээн авсан. Энэ нь жилийн хэрэглээний 80 хувийг хангах нөөц юм. Хэрэгцээгээ бүрэн хангахын тулд бидэнд 60 мянган тн чанарын шаардлага хангасан буудай хэрэгтэй байгаа. Хил гааль, экспор, импорт хязгаарлагдаж байгаагаас 100 мянган тн улаан буудай импортлох ажил эхлээд байна. Яг өнөөдрийн байдлаар гурилын гурван сарын нөөц байна. Гурилын үнэ харилцангуй тогтвортой буюу 1,180-1,527 төгрөгийн хооронд байна. 

Сүүний хэрэгцээг тооцвол жилд 155 мянган тн шингэн сүү хэрэглэдэг. Үүний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангадаг. 4,000 мянган тн хуурай сүү импортоор оруулж ирэхээр төлөвлөсөн байсан. Дээр нь нэмж 2,000 мянган тн сүү импортлохоор болсон. 

Цагаа будаа, элчин чихэр, ургамлын тос 100 хувь импортоор оруулж ирдэг учраас онцгой анхаарал татдаг бүтээгдэхүүн юм. Тиймээс эдгээр бүтээгдэхүүн дээр нөөц бүрдүүлэх боломжгүй. Тиймээс татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьдана. Тэр хүртэл импортлогдож байгаа дээрх бүтээгдэхүүний татварыг хоёр сар чөлөөлнө. Цагаан будаа 1.5 сарын, элсэн чихэр 3.5 сарын, ургамлын тос 1.6 сарын нөөцтэй байна.

Мөн дээр нь ариутгалын бодисын үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор техникийн спиртын хэрэгцээ нэмэгдсэн. Тиймээс техникийн спирт үйлдвэрлэх зорилгоор 10 мянган тн улаан буудайг импортоор авах шийдвэр гаргасан. 

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн хүүд санаа тавьж байгаа. ЖДҮХС-гаас гуравдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгнийг хүртэл зээлийн хүүгээс чөлөөлөх, алданги тооцохгүй байх шийдвэр гаргасан.

Зээлийн хувьд сангаас олгодог үндсэн төлбөрийн хугацаг хойшлуулж, хүүгийн төлбөрийг, 3-6 сарын хугацаанл чөлөөлж байна. 
Санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгомоор байна. Энэ жил жижиг, дунд үйлдвэрийн 50 тэрбумын нэмэгдэл эх үүсвэр гаргаж өгөөч, 50 тэрбумыг нь зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлье. 

"Мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна"

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанкны хувьд эдийн засагт хамгийн их нөлөөлж болох ямар салбар, гадаад улс оронд ямар нөхцөл байдал үүсч байгаа талаар ярилцлаа.

Монгол Улсын экспортын 80 гаруй хувь, импортын 40 гаруй хувийг БНХАУ эзэлдэг. Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төв банкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0.5 нэгжээр буулгах саналыг гаргаад байгаа юм.

Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болж болно гэж үзэж байгаа.

ДЭМБ-аас бэлэн мөнгө коронавирусийн халдвар тараадаг байж болзошгүй гэж анхааруулж байгаа. Тиймээс Монголбанкнаас банкуудад нийлүүлж байгаа мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна.

"Судалгаанд хамрагдсан ААН-ийн 57,4 хувь коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бизнест маш их нөлөөлсөн гэсэн"

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1,000 гаруй аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан. Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна.

Бараа үйлчилгээний нийлүүлэлт 60 хувь буурсан, 15 хувь нь бэлэн мөнгөний хомсдол ороод эхэлсэн гэж хариулсан. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэл гурван хувь гэж хариулжээ.

Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн үйлчилгээний хүнд суртал их, мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурал хойшилсон, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох үйлчилгээг түргэн шуурхай явуулахыг онцолсон. Өнөөдрийн энэ уулзалтаар олон асуудлыг шийдэхээр ярилцлаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.