Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Багануур дүүрэг болон Орхон, Баян-Өлгий, Төв аймагт тусгаарлагдсан иргэдээс COVID-19 илрээгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-өөс ойрын өдрүүдэд тусгаарлагдсан тохиолдлуудын шинжилгээний хариуг мэдээлэв.

Тус төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар 25-нд Багануур дүүрэгт хоёр, Орхон, Баян-Өлгий, Төв аймгийн Цээл суманд тусгаарлагдсан тус бүр нэг тохиолдол буюу нийт таван хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй.

БНСУ-д зорчоод эргэн ирж, ажиглалтад орсон 51 хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй" гэлээ.

Эдгээр иргэний 37 нь Асралт мед эмнэлэгт, зургаа нь ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглалтад орсон бол найм нь гэртээ ажиглалтад орсон юм.

Түүнчлэн хоёрдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт нэг тохиолдол тусгаарлагдан, шинжилгээ хийгдэж байна. Мөн өнөө өглөө онгоцоор ирсэн хүмүүсийг зохих журмын дагуу ажиглалтад авч, тусгаарласан ажээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Төр засгаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны ачаар Цагаан сарын үе амар тайван өнгөрлөө. Гэхдээ энэ дэг журмаа үргэлжлүүлэн баримтлах учиртай.

Шинэ коронавирус Монгол Улсад ороод ирэхэд нь оношилж чадах ч эмчилгээний арга төвөгтэй бөгөөд өвчтөний нас, дархлааны байдал, биеийн онцлогоос ихээхэн хамаарч, эмчилгээнд нь ямар их хөрөнгө зардал гарч байгааг та бүхэн гаднын хэвлэлүүдээс харж байгаа байх. Тиймээс бидний гол төлөвлөгөө бол вирусийг оруулж ирэхгүй байх" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.