Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: БНСУ-д зорчоод ирсэн нийт 61 хүнийг ажиглалтад аваад байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Хурлын үеэр ХӨСҮТ-өөс ойрын өдрүүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол болон тэдний шинжилгээний хариуг мэдээлэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 24-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй. 

2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт хоёр, Төв аймгийн Цээл суманд нэг, Орхон аймагт нэг, Баян-Өлгий аймагт нэг буюу нийт таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна" гэлээ. Түүнчлэн тэрбээр БНСУ-д зорчоод ирсэн иргэдийг ажиглалтад авсан. Тодруулбал,

  • ХӨСҮТ-д зургаа,
  • Асралт мед эмнэлэгт 37 хүн,
  • аймгуудад 10, 
  • мөн Улаанбаатар хотод гэрт нь найман иргэнийг тусгаарлан ажиглалтад орууллаа. Нийт 61 хүнийг ажиглалтад оруулсан.

Италийн Милан хотод загварын шоунд оролцоод өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан монгол иргэн, Итали улсын хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг, хяналтад оруулаад байгаа" хэмээсэн юм. Асралт мед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад оруулсан 37 хүнээс шинжилгээ авч, өдөр бүр эмчийн үзлэг хийж байгаа аж.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.