2020/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,760.89₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-11°
09:00
S32
-17°
10:00
S32
-14°
11:00
S32
-10°
12:00
S32
-8°
13:00
S32
-5°
14:00
S32
-3°
15:00
S32
-2°
16:00
S32
-2°
17:00
S32
-3°
18:00
S32
-5°
19:00
S29
-7°
20:00
S29
-8°

Зургаан настай хүүгийн секундээр хэмжигдсэн амийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн, цагдаа, эмч нар аварлаа

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2020 оны 2 сарын 14
Өдрийн сонин
Гэрэл зургийг mpa.mn

Цахилгаан менингитээр өвдсөн зургаан настай хүү цагдаа, ЗХУТ, эмч нарын шуурхай ажиллагаа хамтын хүчээр өнөөдөр амьдралтай золгон аав, ээж, хөөрхөн дүүтэйгээ элэг бүтэн үлдэж чадлаа.

Тэр дундаа хотын нэг захаас нөгөө зах хүрч мэргэжлийн тусламж авах шаардлагатай болсон хүнд нөхцөлд Замын цагдаа, Замын хөдөлгөөний удирдлагын төв, эмч нар хамтран 13-хан минутанд 20 гаруй км замыг туулснаар хүү аврагдаад байгаа юм.

Өрхийн эмнэлгээс эхлээд Дүүргийн эмнэлэг, ХӨСҮТ, замын цагдаа, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн олон арван албан хаагчид хүүгийн секундээр хэмжигдсэн амийг аварсан сайхан үйлсийг бид сурвалжиллаа.

Хоёрдугаар сарын 12. 13:00 цаг. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн А.Шинэтөрийн том хүү Ш.Шинэбаяр нь гэнэт өндөр халуурч эхлэхэд 103-т дуудлага өгчээ. Нөхцөл байдлыг сонссон Түргэний эмч Өрхийн эмнэлэгт үзүүлэхийг зөвлөсөн байна. Гэвч хүүгийн ээж н. Алтанцэцэг нялх хүүхэдтэй учир Өрхийн эмнэлэг явж чадсангүй. Том хүү нь өндөр халуурч байснаа  улам муудаж, тамир тэнхээгүй болж эхэлжээ. Тиймээс нөхөртөө хэл дуулгаж, гэртээ яаралтай ирэхийг хүсжээ.

16:00 цаг. Гэрийн эзэн А.Шинэтөр ажил дээрээ байхад нь хүүгийнх нь бие эвгүйрхэж байгааг сонссон учир чөлөө аван гэрийнхээ зүг гарчээ. Ажлаасаа гэртээ ирэх хүртэл бараг цаг орчим явж. Ингээд гэртээ ирэхэд нь хүүгийнх нь бие хүндэрч, цонхийж цайсан байсан гэнэ.

Тиймээс шууд хүүгээ аван хамгийн ойрхон эмнэлэг бараадахаар гэрээс гарчээ. А.Шинэтөрийн замд хамгийн ойр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт Манал” өрхийн эмнэлэг таарсан байна.

17:40 цаг. “Одонт манал” өрхийн эмнэлгийнхэн ажлын цаг тарсан ч шуурхай хурал хийхээр бүгдээр цуглаад байжээ. Гэтэл гаднаас хүүгээ тэвэрсэн аав тусламж эрсээр орж ирсэн байна. Үүдэнд жижүүрлэж суусан Уянга гэх эмч хүүгийн биеийг харангуут цахилгаан менингит болохыг тогтоож, эмнэлгийн даргадаа дуулгажээ. Ингээд эмнэлгийн бүх эмч, сувилагч нар хүүд анхны тусламж үзүүлж эхэлсэн байна. Энэ үед хүүгийн биеэр дүүрэн улаан тууралт гарч, амин үзүүлэлтүүд унаж эхэлсэн байж.

Эмнэлгийнхэн хүүд хүчилтөрөгчийн аппарат залган, хордлого тайлах шингэн ч залгажээ. Цахилгаан менингит гэдэг нь тодорхой болсон учир ХӨСҮТ-д хүргэх шаардлагатай болсон байна. Гэвч хүү ХӨСҮТ хүрч чадахгүй, замдаа амиа алдах эрсдэлтэйг эмч нар мэдэж байв. Тиймээс ХӨСҮТ-д дуудлага өгчээ.

19:00 цаг. Өрхийн эмнэлгээс дуудлага өгснөөс нэг цагийн дараа ХӨСҮТ-ийн дуудлагын эмч иржээ. Хүүгийн биеийн байдал, нөхцөл байдлыг үнэлсэн эмч ХӨСҮТ дээр л яаралтай очихоос өөр аргагүйд хүрснийг ойлгосон байна. Тиймээс Өрхийн эмнэлэг дээр байх үеэс төв рүүгээ мэдэгдэн. Маш богино хугацаанд очихыг хүсжээ.

Үүний тулд Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхний тусламж хэрэгтэй. Үүнийг ч тэрбээр тооцсон байж. Гэвч Өрхийн эмнэлгээс шууд ХӨСҮТ рүү явахад замд хүүгийн биеийн байдал яаж ч болох эрсдэлтэйг мэргэжлийн эмч үнэлжээ.

19:20 цаг. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ХӨСҮТ-ийн дуудлагын эмч цахилгаан менингиттэй хүүг хүргэжээ. Тэрбээр Өрхийн эмнэлгээс хүүг аваад гарахад замдаа биеийнх нь байдал хүндэрсэн байна.

Мөн хүчилтөрөгчийнх нь зай дуусаж хүүд тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болжээ. Тиймээс замаараа Дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хүргэж хүүг эрчимт эмчилгээнд оруулжээ.

Энэ хугацаанд ХӨСҮТ-ийн эмч Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн жижүүрийн албадтай холбогдон удахгүй ХӨСҮТ рүү гарах гэж буйгаа мэдэгдсээр байж.

21:50 цаг. Хоёр цаг гаруй эмчилгээнд орсон хүүгийн биеийн байдал тогтворжиж, ХӨСҮТ рүү явахад бэлэн болжээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 21 дүгээр хороолол дахь Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас эмч, жолооч хоёр хүүг аваад гарчээ. Энэ үед замын цагдаа, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн бэлэн байдалд ажиллаж, Түргэний тэргийг явах замыг гэрлэн дохиогоор чөлөөлж эхэлжээ.

22:00 цаг. Нэгдсэн эмнэлгээс гарсан Түргэний тэрэг аравхан минутын дараа Төв шуудангийн уулзвараар өнгөрч байгаа зургийг та харж байна.

22:05 цаг. Зургаан настай хүү ХӨСҮТ дээр ирж, шууд Эрчимт эмчилгээний тасагт эмчилгээнд орж эхэлжээ. 25 гэрлэн дохио нэвтэрдэг, 20 орчим км замыг 13-хан минутанд туулан эмнэлгийн тусламж авч чадсан Ш.Шинэбаяр хүүгийн биеийн байдал сайжирч энгийн тасагт шилжихэд бэлэн болсон сайхан мэдээг эмч нар, ар гэрийнхэн нь баяртай дуулгаж байв.

Хүүгийн амийг гар, сэтгэл нийлэн аварч чадсан сайн үйлстнүүд ийнхүү ярьж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохион байгуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.НАМУУ

Хүүг аврахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн.

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачаалал, түүнийг бууруулах зохицуулалтыг өдөр бүр цаг минут тутамд хийж, замын цагдаа нартай хамтран зохицуулж байдаг энэ албаныхан хүүг аварсан шиг өдөрт 2-3 удаагийн ийм тохиолдолтой нүүр тулдаг ажээ.

Онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийнхан хүний амь насанд тулсан яаралтай дуудлагаар явах үед тус албаныхантай холбогдон замын хөдөлгөөний зохицуулалтаар зорьсон газартаа цаг алдалгүй хүрч чаддаг.

Онцгой байдлын шуурхай албаны нэн яаралтай яваа тээврийн хэрэгслийг түргэн шуурхай зорчуулахад, төрийн өндөр хэмжээний зочин төлөөлөгч айлчлах “А” зэрэглэлийн хамгаалалт авахад, олон улсын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа үед, төрийн өндөрлөгүүдийн өдөр тутмын зорчилт, авто зам дээр зам тээврийн осол саад гарах болон замын хөдөлгөөний ачаалал үүсэх зэрэгт телекамерын тусламжтайгаар уулзвар замд 24 цагийн турш хяналт тавьж тээврийн цагдаагийн алба хаагчидтай хамтран ажилладаг.

2019 онд 101 болон 105-ийн шуурхай албаны 153 удаагийн дуудлагаар нэн яаралтай дуудлага бүхий түргэн тусламжийн машиныг тухайн явах чиглэлийн хөдөлгөөнд шуурхай зохицуулалт хийн ажилласан. 2020 оны хоёрдугаар сарын байдлаар 17 удаагийн дуудлага ирсэн бөгөөд үүний нэг нь энэ хүүгийн дуудлага байсан хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохион байгуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу онцолж байв.

ЗХУТ-ийн хөдөлгөөн зохицуулах мэргэжилтэн Б.БИЛГҮҮН

Харин тухайн өдөр жижүүрт гарч байсан ЗХУТ-ийн хөдөлгөөн зохицуулах мэргэжилтэн Б.Билгүүн “Анх манай жижүүрийн алба руу Тээврийн цагдаагийн албаны Мөнгөнтулга байцаагч холбогдож, хүнд өвчтэй хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс ХӨСҮТ рүү хүргэх гэж байна.

Замын хөдөлгөөнийг зохицуулж өгнө үү гэсэн. Түргэний машин гарлаа гэсэн мэдээлэл ирэнгүүт бид камераараа машинаа хянан, гэрлэн дохионы зохицуулалтыг хийж эхэлсэн. Тухайлбал таван шарын уулзвар замын хөдөлгөөний зохион байгуулалт хийж, өнгөрөнгүүт дараагийн уулзвар дээрх гэрлийг зохицуулах шаардлагатай болдог. Энэ бол жижүүрийн албаны авхаалж самбаа шаардсан ажил.

Гэрлэн дохиог удаан барьж болохгүй. Явган зорчигч, жолооч нар бухимддаг. Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс ХӨСҮТ хүртэл 20 орчим км замыг туулах ёстой. Энгийн үед бол нэг цаг гаруй явдаг зам. Харин тэр үед замын хөдөлгөөнийг зохицуулж 13 минутын дотор хүү эмнэлгийн тусламж авч чадсан” гэсэн юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.ЧИМЭДБАТ

-Анх 21:10 цагийн үед ХӨСҮТ-ээс холбогдож “Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны ойролцоо амь нас нь минутаар хэмжигдэж  байгаа хүүхдийг ХӨСҮТ рүү хүргэх гэж байна. Одоогоор дүүргийн эмнэлэг дээрээ байгаа юм байна. Гэтэл замын ачаалал маш их байна. 20 минутанд амжуулахгүй бол амийг нь аварч чадахгүй нь" гэсэн. Ингээд би ЗХУТ рүү холбогдсон. Бүх хөдөлгөөн зохион байгуулалтыг манай Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохион байгуулсан. Ингээд 13 минутын дотор хүүг Халдвартад аваачиж амжсан. Удалгүй ХӨСҮТ-өөс залгаж “Хүү амжиж эмнэлгийн тусламж авч чадлаа” гээд талархаж байгаагаа илэрхийлсэн.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт Манал” өрхийн эмнэлгийн дарга Л.ОЮУНЧИМЭГ

-Ш.Шинэбаяр хүү анх танайд ямар байдалтай ирсэн бэ?

-Уржигдар 17:40 цагийн үед бид ажил тарсан хэдий ч шуурхай хурлаа хийе гээд цуглаад байсан. Гэтэл жижүүр эмч Уянгаа маань "Менингиттэй хүүхэд ирлээ. Дарга аа, та нэг хараад өгөөч” гээд ороод ирсэн. Очоод харахад биеэр нь улаан тууралт гарчихсан, менингит болох нь ойлгомжтой байсан.

Амин үзүүлэлтүүд нь уначихсан, цонхийсон цагаан царайтай, шокийн байдалтай, ухаангүй байсан.

-Цахилгаан менингит гэдэг шууд мэдэгдсэн хэрэг үү?

-Тууралт гарсан тохиолдолд шууд мэдэх боломжтой. Гэхдээ тууралтгүй, халуурч байгаа үед оношлоход эргэлзээтэй. Уянгаа эмч маань дөрвөн жилийн өмнө бас яг ийм байдлаар Цагаан сарын Шинийн 1-ний өдөр хоёр настай хүүхдийг цахилгаан менингитийг оношилж амийг нь аварч байсан туршлагатай учраас тэр хүүг хараад шууд мэдсэн гэсэн.

Гол нь хүүг цаг алдаж эмнэлэгт авчирсан байсан. Биеийнх байдал маш хүнд, цаг хугацаа алдах л юм бол амь нас нь эрсдэхээр нөхцөл байдалтай байсан. Тиймээс шууд хүчилтөрөгчийн аппарат залгаж, антибиотик тарьсан.

Яаралтай тусламжийн бүхий л арга хэмжээг авсан. Хэдий тийм ч ХӨСҮТ-д хүргэх зайлшгүй шаардлагатай байсан учраас дуудлага өгсөн. Тэд ч шуурхай хүлээн авсан. Гэвч Түргэн тусламж ирэх хүртэл цаг гаруйн хугацаа өнгөрсөн.

-ХӨСҮТ-ийнхэн ирээд шууд аваад явсан хэрэг үү?

-ХӨСҮТ-ээс ирсэн эмч залуухан хэр нь их сүрхий чадварлаг хүү байсан. Хүүг үзчихээд хүнд байгааг хэлээд төв рүү явах замдаа болохгүй бол танай дүүргийн Нэгдсэн эмнэлгээр дайрна гэж байсан. Бас замын цагдаагийнхантай холбогдоод зам чөлөөлж өгөхийг хүсэж байсан. Ингээд хүүг аваад явсан даа.

Бид ч араас нь санаа зовоод байн байн утасдаж асуугаад л байлаа. Нэг ярихад хүү замдаа муудаад дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр ирчихсэн байна гэж эмч нь ярьсан. Уг нь Өрхөөс дүүргийн эмнэлэг хүртэл 10 гаруй минут л явах ёстой. Тийм богино хугацаанд хүү муудаж байсан гэхээр хүнд байсныг ойлгож байгаа болов уу.

-Их л азтай хүү байжээ?

-Үнэхээр ус уух хувьтай хүү байсан. Ер нь тэр өдөр манай эмнэлгийнхэн их паянтай өнжсөн. Манайх хүчилтөрөгчийн аппаратгүй байсан. Халдварт өвчинтэй холбогдуулаад онцгой нөхцөл байдалд шилжиж байгаа учраас тэр өдөр би эмчтэйгээ Бөмбөгөр рүү эм тариа, яаралтай үеийн тусламжийн эд зүйлс, хүчилтөрөгчийн аппарат зэргээ бөөгнүүлэхээр явсан юм.

Юмаа аваад гараад иртэл манай машиныг зам дээр тавилаа гээд ачаад явчихсан байна. Үнэн учраа хэлээд дийлээгүй, мөнгөө төлөөд машинаа аваад буцсан. Уг нь тэр үед ажлын цаг дуусаж байсан учраас би замдаа гэртээ буучихдаг юм бил үү гэж бодож байснаа ажил руугаа яваад ирсэн.

Дөнгөж ирээд байтал тэр хүүг авчраад гол эмчилгээ болох хүчилтөрөгчөөр хангаад багаараа ажиллаж чадсан. Цахилгаан менингит гэдэг нэрэндээ таарсан өвчин шүү дээ. Халдварладаг, гэнэт өвдөж маш хурдан хүндэрдэг. Хүүгийн аав, ээж нь гайхаад л байсан.

"Ямар сонин юм бэ, өдөр л тоглож явсан хүү яагаад ийм өвчинтэй болчихов” гээд. Бид хүүг эмнэлэг рүү явуулсны дараа гэрт нь очиж ариутгал, халдваргүйтэлт хийсэн. Одоо ч хийж байгаа гэв.

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч З.ГАНЧУЛУУН:

-19:20 цагт ХӨСҮТ-ийн Түргэний эмч хүүг тэвэрсээр орж ирсэн. Хүү тархи, амьсгалын дутмагшилтай, шокийн байдалтай байсан. Тиймээс Эрчимт эмчилгээний тасагт оруулж яаралтай эмчилгээг эхэлсэн. Манайх тэр үед жижүүр эмч, гурван сувилагч гээд тавуулаа ажиллаж байсан.

ХӨСҮТ-ийн эмч урьдчилсан оношоо маш сайн тавьж, сайн үнэлж байсан. Голлож ажилласан хүн бол тэр. Ингээд гурван цаг орчим манай дээр эмчилгээ хийж биеийн байдлыг нь тогтворжуулсан. Энэ хугацаанд ХӨСҮТ-ийнхэн ч хүчилтөрөгчөө цэнэглээд авсан. Тэгээд л 22:00 цагийн орчимд явцгаасан даа.

Хүүд тусламж үзүүлсэн ХӨСҮТ-ийн эмч: БИ АЖЛАА Л ХИЙСЭН

Хүүгийн биеийн байдлыг зөв үнэлж, замын хөдөлгөөнийг зохицуулж байж яаралтай тусламж үзүүлэх боломжтойг санаачлан хэрэгжүүлсэн ХӨСҮТ-ийн жижүүр эмч энэ сайхан явдлын тухайд ярихдаа (нэрээ дурдахыг хүссэнгүй).

“Бидний өдөр тутмын хийдэг ажил. Ажлаа хийснийхээ төлөө магтуулах нь тийм сайхан зүйл биш. Гол нь замын ачаалал хамгийн хүнд байсан. Хүүхдийн биеийн байдал хүнд байсан учраас зөөвөрлөх явцад эрсдэл гарах нь ойлгомжтой байсан. Тиймээс замын цагдаагаас зохицуулж өгөхийг хүссэн. Сонгинохайрхан дүүрэг ХӨСҮТ-ийн хооронд 13 минут явахгүй шүү дээ. Хэчнээн Түргэний тэргийнхээ дуут дохиог асаагаад нэмэргүй.

Одоо хүүгийн бие сайжирч энгийн тасаг руу шилжих боломжтой болсон. Гол нь энэ бол бидний ажил. Ялангуяа 103-ынхан өдөр бүр ийм зүйлтэй нүүр тулж байдаг” хэмээн тэрбээр даруухан өгүүлсэн юм.

Хүүгийн аав А.ШИНЭТӨР:

-Хүүгийнхээ бие бишидлээ гэдгийг та яаж мэдсэн бэ?

-Гэрээсээ аваад гарахдаа л мэдсэн. Юу ч ярьж чадахгүй, сульдаад, цонхийгоод явчихсан. Би ч шоконд орсон. Хамгийн түрүүнд таарсан эмнэлэг рүүгээ л явж ороод тусламж гуйсан. Эмч нар ч сандралдаад эмчилгээг эхэлсэн. Тэр зуур Халдварт руу дуудлага өгөхөд нэг цагийн дараа ирсэн. Мэдээж эцэг хүний хувьд хүүгээ тийм байдалтай байгааг харах маш хүнд байсан.

-Шууд ХӨСҮТ рүү явж чадахгүй, замдаа дүүргийн эмнэлэг дээр эмчилгээ сэлбэсэн байсан шүү дээ?

-Тийм. Өрхийн эмнэлгээс аваад гарахад Халдвартын эмч Дүүргийн эмнэлэг рүү явъя гээд жолоочдоо хэлэхэд л би шууд ойлгосон. Хүү минь бишдэж байгаа юм байна гэж. Үнэхээр нэрэндээ таарсан хүнд өвчин юм байна.

Замд хүүгийн маань зүрх зогсонгуут эмч аппаратаа залгаад л. Айсандаа хүүхдээ тэврээд уйлаад л байсан санагдаж байна. Тэгээд дүүргийн эмнэлэг дээр явж очсон. Тэр өвчин чинь хүний тархинд нөлөөлдөг юм байна. Хүү маань замдаа янз бүрийн авир гаргаад толгойгоо савчаад яг л галзуу хүн шиг болчихсон.

-Үнэхээр хүнд байжээ?

-Дүүргийн эмнэлэгт аваад ороход хүү маань бас л савчаад эмч нар нь намайг оруулахгүй хаалга үүд, цонхны хөшгөө хаагаад эхэлсэн. Хэдийгээр эмнэлэгт ирсэн ч гэсэн тийм зүйлийг харахаар тайвширч өгдөггүй юм билээ.

-Эхнэр тань юу гэж байв. Тэр нөхцөл байдлыг дуулгасан уу?

-Юун эхнэртэйгээ ярих манатай. Оюун санаа орон гаран болчихсон. Тэгээд дүүргийн эмнэлэг дээр хоёр цаг гаруй болж сая нэг хүүгийн маань бие тайвширч байгааг харахад сайхан байсан. Халдвартын эмч замын цагдаатай зам зохицуулж өгөх талаар л ярилцаж байсан.

-ХӨСҮТ хүртэл тийм бага хугацаанд очиж амжина гэж санаагүй байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Хэр хол билээ дээ. Ямартаа ч маш хурдан яваад оччихсон. Замд ямар ч саад байгаагүй. Халдварт дээр очиход хүүгийн маань нугаснаас ус авна гээд гарын үсэг зуруулж авсан. Ер нь тэр хүртэл ухаан орон гаран л явсан байгаа юм, би. Эмчилгээ ч эхлээд хүүхэд чинь зүгээр болж байна гэхэд л тайвширсан.

-Танайх хэдүүлээ вэ, юу хийдэг хүмүүс вэ?

-Би aгaаржуулалт, хөргөлтийн компанид гагнуурчин хийдэг. Эхнэр маань тогооч мэргэжилтэй ч бага хүүгээ гэртээ хардаг. Шинэбаяр маань энэ жил 34 дүгээр сургуулийн нэгдүгээр анги. Сэргэлэн цовоо, сурлага сайтай хүүхэд.

-Одоо хүүгийн биеийн байдал дээрдсэн гэв үү?

-Өнөөдөртөө сэхээндээ байна. Гэхдээ эмч нар дээрдэж байгаа гэж хэлсэн. Өдөр бүр шинжилгээ авч байгаа. Энэ дашрамд хамгийн түрүүнд Халдвартын эмч Мо.Жаргалсайханд маш их баярласнаа хэлмээр байна. Их даруухан эмч. Нэрээ ч хэлэхгүй байсан. Би өнөөдөр эмч нараас асуусаар байгаад нэрийг нь оллоо. Үнэхээр их баярлалаа.

Дээр нь Одонт манал өрхийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийнхан, Халдвартынхан, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн, Замын цагдаа нартаа баярлаад баршгүй. Манай гэр бүлийн зүгээс та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсмээр байна гэсэн юм.

Бүхэл бүтэн нэг хүнд амьдрал бэлэглэсэн ийм сайхан үйлсийн эзэд, нэргүй баатрууддаа Өдрийн сонины зүгээс, олон мянган уншигчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.

x