Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Амны хаалт, санитол, спирт эмийн бөөний төвүүдэд дуусаж, үйлдвэрүүд захиалгаа дийлэхгүй байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ төрлийн коронавирус болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, гараа угааж ариутгахыг ЭМЯ-наас зөвлөж байгаа.

Тэгвэл эмийн сангуудад амны хаалт, гар ариутгагч дууссан, зарим эмийн сан 100-150 төгрөгөөр худалдаалдаг байсан нэг удаагийн амны хаалтыг 400-550 төгрөгөөр худалдаалж байгааг иргэд олон нийтийн сүлжээнд бичиж байна.

Эмийн бөөний төвүүдэд амны хаалт, спирт, гар ариутгагч байхгүй

Амны хаалтны нөөц үнэхээр дууссан эсэхийг Монос, Энто, Монгол фарма, Нахиа, Монфа, Нуган эмийн бөөний төвтэй холбогдож тодруулахад, аль ч бөөний төвд амны хаалт, гар ариутгагч, спирт байхгүйг хэллээ.

Эмийн бөөний төвүүд дэх эдгээр бүтээгдэхүүний нөөц өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дууссан бөгөөд зарим бөөний төвд Бямба гарагт амны хаалт ирсэн нь "Өдөртөө дууссан, эмийн сангууд нэг дор 200-300 ширхгээр бөөнөөр аваад дуусгаж байна. Амны хаалт, гар ариутгагч, спирт дахиад хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа" гэх хариулт өглөө.

Үйлдвэрүүд захиалгаа дийлэхгүй байна

Харин эмийн үйлдвэрүүдийн хувьд захиалгаа дийлэхгүй байгаа юм байна. Тодруулбал, спирт үйлдвэрлэдэг Тавин Ус эмийн үйлдвэр захиалгаа дийлэхгүй, амны хаалт, гар ариутгагч, спирт үйлдвэрлэдэг Мөнхийн тун үйлдвэрийн захиалга ирэх долоо хоногийн Даваа гараг хүртэл дүүрсэн, Монхимо үйлдвэрийн гар ариутгагч Мягмар гаргагаас, амны хаалт Баасан гараг хүртэл захиалгатай байна.

"Амны хаалтны үнээ нэмсэн эмийн сангуудад шууд хариуцлага тооцох зохицуулалт байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна"

Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны зүгээс Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон, эмийн холбоодтой хамтраад нөөц бий болгох ажлыг зохион байгуулж байгаагаа мэдэгдэв. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Маргааш мэдээлэл хийхдээ энэ талаар тодорхой мэдээллийг өгье. Нөөц бий болгох, үнийг тогтвортой байлгах чиглэлд маш тодорхой тоо гаргаад ажиллаж байгаа.

Дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байгаа. Мөнхийн тун компани гэхэд хоногт 40,000 ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг. Монгол маск гэдэг компанид чанарын шаардлага хангасан маск бас 100,000 ширхэг байгаа гэх мэдээллийг манайд өгсөн. Зарим эмийн санд амны хаалтны дутагдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудал дээр тооцоо судалгаатай ажиллана. Амны хаалтны үнээ нэмсэн эмийн сангуудад шууд хариуцлага тооцох зохицуулалт байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Маргааш энэ талаар тодорхой мэдээлэл өгье" гэх хариултыг өглөө.


Томуу, томуу төст өвчний тохиолдол амбулаторийн үзлэгийн 9.5 хувийг эзэлж байгаа үед коронавирусийн эрсдэл орж ирвэл хүүхдээр тогтохгүй хүн амын хувьд эрсдэлтэй гэж үзэж байгаагаа салбарын сайд мэдэгдсэн.

Вирусийн халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаагаа дэмжих, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах гэдгийг эмнэлгийн байгууллагаас зөвлөж байгаа энэ үед амны хаалт, гар ариутгагч, спиртийн хомсдол үүсээд байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.