Израйль улсын ерөнхий прокурор өчигдөр тус улсын ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг гурван удаагийн авлигын гэмт хэрэгт буруутай гэж үзээд яллах дүгнэлт гаргасан байна.
Ингэснээр Израйль улс түүхэндээ анх удаа ерөнхий сайдын албыг идэвхтэй хашиж буй хүнд ял оноож байгаа юм.
Нетаньяху уг шийдвэрийг “төрийн эргэлт хийх оролдлого” гэж нэрлээд “үнэний төлөө бус, намайг шийтгэхийн төлөө ажиллалаа” гэж прокурорыг буруутгажээ.
Харин ерөнхий прокурор Авичаи Манделблит ерөнхий сайд хүнийг яллах шийдвэр гаргахад хүнд хэцүү байсан хэдий ч “Израйльд хуулиас дээгүүр хүн байх ёсгүй” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Одоо 70 настай Нетаньяхуг яллах 63 хуудас прокурорын дүгнэлтэд өгүүлснээр ерөнхий сайд нь тэрбумтан найз нараасаа өндөр үнэтэй бэлэг авч, хариуд нь тэдний бизнест ашигтай шийдвэрүүдийг гаргаж байсан гэжээ. Мөн ийм замаар Израйлийн томоохон сонины эзэн, харилцаа холбооны компанид тусалсны хариуд өөрийгөө сурталчлуулах давуу эрх эдэлж байсныг нотолсон байна.
Израйлийн улс төр урьд өмнө үзэгдээгүй гүн хямралтай тулгараад буй цаг үед энэ шийдвэр гарч байгаа юм. Энэ онд Израйльд хоёр удаа парламентын сонгууль явагдсан ч үнэмлэхүй олонх гараагүйгээс засгийн газар байгуулж чадахгүй байна. Есдүгээр сард болсон хоёр дахь сонгуулийн дараа Израйлийн ерөнхийлөгч хамгийн олон санал авсан Нетаньяхуд эвслийн засгийн газар байгуулах боломж олгосон. Гэвч тэр эвсэл байгуулж чадаагүй тул дараагийн боломжийг Нетаньяхугийн өрсөлдөгч Бэнни Ганцад өгсөн ч бас үр дүнд хүрээгүйгээ саяхан мэдэгдсэн юм.
Израйлийн ерөнхийлөгч өчигдөр засгийн газар байгуулах гурав дахь хүнийг тодруулахыг тус улсын парламентад даалгаж, 20 хоногийн хугацаа өгсөн байна.
Хэрвээ эндээс үр дүн гарахгүй бол сонгуулийг гурав дахь удаагаа зарлахаар болж байгаа юм. Ингэвэл Израйль улс түүхэндээ анх удаа нэг жилийн дотор гурван удаа сонгууль явуулах болж байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!