Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Найз залуугаа амиа хорлотол нь дарамталсан бүсгүйд Массачусетсын прокурорууд ял тулгажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Бостоны коллежийн оюутан 22 настай Александр Уртула өнгөрсөн тавдугаар сард төгсөхөөсөө хэдхэн цагийн өмнө өндрөөс үсэрч амиа хорлосон юм. 

Өчигдөр Массачусетс мужийн прокурорууд түүний үхэлд найз бүсгүй нь болох 21 настай Ин Ён Юүг буруутай гэж үзэн яллах шийдвэр гаргажээ.

18 сарын турш үерхэхдээ Юү найз залуугаа “бие, хэл, сэтгэл санаагаар байнга дарамтлан зовоож байсан” нь амиа хорлоход хүргэсэн гэж дүгнэснээ Суффок дүүргийн прокурор Рачел Роллинс сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Хосуудын хоорондоо солилцож байсан текст мессэжүүдэд Юү “амиа хорло!”, “үх!”, гэр бүлийнхэн нь, дэлхий ертөнц түүнгүйгээр илүү сайхан байх болно гэх зэргээр маш олон удаа бичиж байсныг мөрдөгчид илрүүлжээ.

Тэдний хооронд сүүлийн хоёр сарын хугацаанд нийт 47,000 гаруй мессэж дамжсанаас үхэхийг ятгасан агуулгатай мессэж олон зуун удаа давтагдаж байсан гэнэ.

Уртулаг амиа хорлосны дараа Юү наймдугаар сард Бостоны коллежоос гарч, Өмнөд Солонгос руугаа буцсан юм байна. 

Прокурор Роллинс түүнийг сайн дураар АНУ-д буцан ирж, хэргээ хүлээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Хэрвээ ингэхгүй бол хуулийн дагуу хүч хэрэглэн буцааж ирүүлэх юм байна.

Массачусетс мужийн хуулийн дагуу Юү бусдыг амиа хорлоход турхирсан хэргээр тав хүртэл жил шоронд хоригдох ялаар шийтгүүлэх ажээ.

Уртула нь Бостоны коллежид биологийн мэргэжлээр, Юү эдийн засгийн мэргэжлээр суралцаж байсан гэнэ.

“Александр бол Бостоны коллежийн шилдэг оюутнуудын нэг байсан. Тэр сургуулийнхаа олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог байсан бөгөөд Филиппин оюутнуудын нийгэмлэгийн идэвхтэн байсан юм. Бид Алексийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж Бостоны коллежийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: CNN