Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар их хурлаас онцлох 14 ЭШЛЭЛ

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын шинжлэх ухааны салбарынхан 100-аад жилийн түүхэндээ анх удаа Их хурлаа хийж, өнгөрсөнд гаргасан ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцэн, ирээдүйн хөгжлөө тодорхойлох саналуудаа хэлэлцлээ.

Их хурлын үеэр шинжлэх ухаан технологийн салбарт үргэлж дутагдалтай явж ирсэн санхүүжилтийн асуудалд Ерөнхийлөгч, ерөнхий сайд, салбарын сайд нар нэгдсэн байр суурь илэрхийлж, цаашид нэмэгдүүлэх бодлогыг баримтлахаа илэрхийлсэн юм. Харин эрдэмтэн судлаачид болон хувийн хэвшлийнхэн хэрхэн шинэ санаа, бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн "Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар их хурал"-ын үеэр төрийнхөн, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхний хэлсэн үг, илэрхийлсэн байр сууринаас онцлох эшлэлийг бэлтгэн хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

  • Бидэнд шинжлэх ухаан, технологийн дэвшил, ололт амжилт, эрдэмтэн судлаачдын нөөц боломж бүрэн бий болж чадсан. Гэвч судалгааны үр дүнг ашиглах, дэмжиж туслах талаар төр засгийн бодлого өнөөг хүртэл урагшлахгүй байгаа нь бодит үнэн.
  • Ядаж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувийг эрдэм судлалын үйл ажиллагаанд зарцуулж, түүнийгээ тогтмол хэрэгжүүлж байх ёстой гэж үзэж байна. /Одоогийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 0.12 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг шинжлэх ухааны салбарт зарцуулж байна/

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх

  • Аль ч Засгийн газар “шинжлэх ухаанаа дэмжинэ”, “шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлнэ” гэж амладаг ч “мөнгөтэй болохоороо дэмжинэ” гэсэн амиа аргацаасан байдлаар өнөөг хүрсэн.
  • Монгол хүн оюуны өндөр чадавхтай гэдгийг дэлхийд харуулж байгаа өсвөр үеийнхэн, эрдэмтэн судлаачдаа дэмжих, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг

  • Бодлого, шийдвэр гаргах, хөгжлийн бодлого боловсруулахдаа шинжлэх ухааны үндэслэл, судалгаа, тооцоололгүй хандах, гадны хөгжлийн бодлогыг шууд хуулбарлах байдал түгээмэл байна.
  • Сүүлийн 10 жилийн дотор Монголын эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5.1 дахин өссөн.
  • Шинжлэх ухаан технологийн салбарт маань чадварлаг эрдэмтэн судлаачид олон байгаа ч салбарыг бүхэлд нь авч үзвэл судалгааны бүтээмж, хүртээмж чамлалттай хэвээр байна.

Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл

  • Оюуны хөдөлмөр хийж цаг наргүй ажилладаг, дэлхийд үнэлэгддэг эрдэмтдээ урамшуулах тогтолцоо манай улсад байхгүй. Энэ тогтолцоо бий болвол гадагшаа гараад явчихсан, өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр мэргэшсэн эрдэмтдээ буцаан авчрах боломж нээгдэнэ гэж харж байгаа.

ШУА-ын тэргүүн дэд ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар

  • Шинжлэх ухаанд суурилсан төрийн бодлогыг хөгжүүлэхэд бодлого эрх зүйн орчин хамгийн чухал. Манайд эрх зүйн орчин харьцангуй боломжийн бий болоод явж байгаа бөгөөд үүнд эрдэмтэн судлаачдын санал сайн туссан гэж хэлж болно.
  • Эрдэмтдийн шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх мэргэшсэн институт хэрэгтэй байна.
  • Хөгжлийн бодлого шинжлэх ухаанд суурилсан байхад чухал нөлөөтэй зүйл бол хувийн хэвшлийг татан оролцуулах юм. Улс орныг хөгжүүлэх зүтгүүр хүч болж буй тэргүүлэх компаниуд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг авч ашигладаг байх хэрэгтэй.

ШУА-ийн тэргүүлэгч Т.Ганболд

  • Лаборатори байгуулж өгөхдөө түүнийгээ цааш авч явах урсгал зардлыг шийдэж өгдөггүй. Тэнд ажиллах эрдэмтэн судлаачдыг шинэ тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллах талаар сургалтад хамруулахгүй байна.

Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар

  • Инновац гурван талын оролцоотой байх ёстой. Төр юу хийж байгаа нь тодорхойгүй, эрдэмтэд санхүүжилт байхгүй гээд байдаг. Бизнесийнхэнд санхүүжилт хийх чадвар байгаа ч юунд оруулахаа мэдэхгүй байна.

МУИС-ийн Багажит анализийн төвийн эрхлэгч Б.Очирхуяг

  • Монгол Улсыг хөгжүүлэх хамгийн боломжит хувилбар бол нээлттэй лабораториуд байгуулах юм. Нээлттэй гэдэг нь уг лаборатори ямар ч байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн байх гэсэн утгыг илэрхийлнэ.