Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжлэх ухааны салбарын хуулиуд, бодлого төлөвлөгөөнд эрдэмтдийн санал харьцангуй сайн туссан гэв

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” хоёр өдөр үргэлжилж, төр, хувийн хэвшил, эрдэмтэд нийт 800 төлөөлөгч тулгамдсан асуудлаа хэлэлцэн, хөгжлийн төлөвөө тодорхойллоо.

Дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд болсноос санхүүжилт, эрдэмтдийг урамшуулах тогтолцоо, салбарын дэд бүтэц буюу лабораториудын хөгжил, эрдэмтэн судлаачдын шинэ бүтээлийг үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлэх талаар сэдвүүд анхаарал татах хэлэлцүүлгийн сэдвүүд байсан юм.

"БСШУС-ын яамны зүгээс эрдэмтэн судлаачдыг урамшуулах тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа"

Энэ үеэр БСШУС-ын яамны зүгээс эрдэмтэн судлаачдыг урамшуулах тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа. Удахгүй урамшууллын асуудлыг Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байгааг БСШУСЯамны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл хэлж байв.

Мөн тэрбээр "Урамшууллын хэмжээ их багаас үл хамааран эрдэмтэн судлаачид маань бүтээлийнхээ чанар чансааг нэмэгдүүлэх зүтгэл гаргана хэмээн найдаж байгаа. Ер нь бол судлаачдыг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүллээ нийтлүүлж чадаж байгаа эсэхээр дүгнэдэг. Бүтээлээ эрдэм шинжилгээний сэтгүүлд гаргасан судлаачдаа урамшуулах тогтолцоо байдаг нь спорт, урлагийнхныг олон улсын тэмцээнд амжилт гаргасны төлөө урамшуулдагтай адил жишиг.

Манай зарим эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүллээ гаргасан судлаачдаа урамшуулах тогтолцоог бий болгоод байгаа" хэмээсэн юм.

"Улс орныг хөгжүүлэх зүтгүүр хүч болж буй тэргүүлэх компаниуд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг авч ашигладаг байх хэрэгтэй"

Шинжлэх ухаанд суурилсан төрийн бодлогыг хөгжүүлэхэд хэд хэдэн зүйлийг голлон анхаарах шаардлагатайг ШУА-ын тэргүүн дэд ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар хэлж байв.

Тэрбээр "Эхнийх нь бодлого эрх зүйн орчин бөгөөд манайд харьцангуй боломжийн бий болоод явж байгаа. Хууль, бодлогын асуудалд эрдэмтэн судлаачдын санал сайн туссан гэж хэлж болно.

Дараагийн дугаарт эрдэмтдийн шинжилгээ судалгааны ажлын үр дүнд бий болсон бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд  дэмжлэг үзүүлэх мэргэшсэн институт хэрэгтэй байна. Энэ бол манайд байхгүй. Тиймээс өнөөдрийн хуралдааны үеэр уг асуудал нэлээд яригдаж Засгийн газрын дэргэд нэгж бий болгох шаардлагатайг онцолж байна.

Хөгжлийн бодлого шинжлэх ухаанд суурилсан байхад чухал нөлөөтэй дараагийн зүйл бол хувийн хэвшлийг татан оролцуулах юм. Улс орныг хөгжүүлэх зүтгүүр хүч болж буй тэргүүлэх компаниуд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг авч ашигладаг байх хэрэгтэй. Ийнхүү гурван тал хамтарч, харилцан ашигтай ажиллаж болно хэмээн тодохойлж байгаа" гэлээ.

100-аад жилийн түүхтэй хэмээн тодотгож болох Монголын шинжлэх ухааны салбарынхан ийнхүү анхны их хурлаа амжилттай зохион байгууллаа.