Энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадаас авдаг $300 тэрбумын бараанд 10 хувийн татвар оноох шийдвэр зарласан нь хоёр орны хооронд үргэлжилж буй худалдааны дайныг шинэ түвшинд гаргасан юм.
Өмнө нь $250 гаруй тэрбумын бараанд Вашингтон импортын татвар оноогоод байсан тул ингэснээр Хятадаас АНУ-д гаргадаг бүх бараа бүтээгдэхүүн татвартай болох байлаа.
Тэгвэл өчигдөр АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн газар зарим барааны татвар нэмэх хугацааг хойшлуулсныг зарлаж, бизнесмэнүүд, хөрөнгө оруулагчдыг баярлуулав.
Татвар нэмэгдэх хугацаа нь арванхоёрдугаар сарын 15 хүртэл хойшилсон бүтээгдэхүүнүүдэд гар утас, зөөврийн комьютер, видео тоглоомын консул, компьютерын дэлгэц, зарим төрлийн гутал, бэлэн хувцас багтжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа уг хойшлуулалт нь Америкчуудын Зул сарын баярын худалдаа наймаанд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалсан арга хэмжээ гэж тайлбарласан байна.
Шийдвэрийг зарласны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл сэргэж, гол гурван индекс 2 гаруй хувиар өсжээ.
Ялангуяа Apple, General Electric тэргүүтэй технологийн компаниудын хувьцааны үнэ ханш огцом өссөн юм.
Өчигдөр Дональд Трамп твиттер хуудсандаа буулт хийснийхээ хариуд Хятадын талаас ямар нэг нааштай алхам хүлээж байгаагаа цухуйлгасан байна.
“Америкийн фермерүүдээс их хэмжээний бүтээгдэхүүн авна гэж Хятадын тал амласан хэвээр байна. Гэхдээ тэд одоо болтол хэлсэндээ хүрсэнгүй” гэж тэр бичжээ.
Өчигдөр өглөө хоёр талын худалдааны хэлэлцээг хийж байгаа албаныхан хоорондоо утсаар ярьсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэд есдүгээр сард Вашингтон хотноо ээлжит уулзалтаа хийхээр төлөвлөөд байгаа.
Сүүлийн хоёр долоо хоногийн турш үүссэн нөхцөл байдал дараачийн уулзалт болох эсэхэд эргэлзэхэд хүргээд байв.
Ажиглагчид зарим барааны татварыг хойшлуулсан явдал нь Америк-Хятадын худалдааны дайн түр хугацаанд намжиж байгаа үзэгдэл бөгөөд бүр мөсөн дууссан хэрэг биш гэж дүгнэж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!