Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавантолгой-Зүүнбаян"-гийн төмөр замын бүтээн байгуулалтад инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг ажилд авна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр оролцох инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг ажлын байраар хангах асуудлаар өнөөдөр Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийлээ.

Ажлын байрын бүртгэл 2019 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын замын ажил 71 хувийн гүйцэтгэлтэй байна
 
Гэрэл зургийг mpa.mn

ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь "Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнгөрсөн 98 жилийн туршид улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож ирсэн түүхэн уламжлалтай. Тиймээс бид "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн "Зүүн баян-Таван толгой" чиглэлийн 414.6 километр төмөр замын суурь угсрах ажлыг хийхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээр 7781 гэсэн дугаартай төмөр замын доод бүтцийг барих анги зохион байгуулагдаж, өнгөрсөн тавдугаар сарын 24-ны өдрөөс Дорноговь аймгийн Мандах сумын нутагт батлагдсан зураг төсвийн дагуу, төмөр замын далан барих ажил эхлэсэн.Тус ажил хоёр жилийн хугацаанд хийгдэх тул Зэвсэгт хүчнээс гадна тодорхой мэргэжлийн хүмүүс зайлшгүй хэрэгтэй.

Мөн манай Зэвсэг хүчний бие бүрэлдэхүүн энэ онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд зориулж Дорнод аймгийн Халх гол сумыг шинэ сум болгох төслийн хүрээнд гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сургууль, дотуур байр, спортын төвийг барих ажилд оролцож байна.

Түүнчлэн Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэрийн хооронд 100 тоннын даацтай, 17.5 километр хурдтай, 15 метрийн өргөнтэй тусгай зориулалтын зам барих ажил хийгдэж байгаа нь одоогоор нийт 71 хувийн гүйцэтгэлтэй байна" гэв.

Тухайн хүн сахилга баттай байвал цаашид Монгол Улсын зэвсэгт хүчинд офицер, ахлагчаар ажиллах боломжтой
 
Гэрэл зургийг mpa.mn

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан барих ажлыг эхэлсэн бөгөөд шаардлагатай техник, хүн хүч, цэргийн ангиудаас гарсан. Бид одоо тус бүтээн байгуулалтад инженер, техникийн 16 төрлийн мэргэжлээр иргэдийг нас харгалзахгүйгээр авахаар төлөвлөж байна. энэ сарын 15-ны өдрийг хүртэл харъяа аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабд бүртгэж, бүртгэлийн мэдээллийг энэ сарын 17-нд Батлан хамгаалахын яаманд хүлээлгэж өгнө.

Ажилд орох хүсэлтэй хүмүүс мэргэжлийн үнэмлэхтэй, ачаалалт даах, багаар ажиллах чадвартай, гаж муу зуршилгүй байх шаардлагатай.

Тус бүтээн байгуулалтын ажил Монгол Улсын цаг агаарын уур амьсгалтай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Цалингийн хувьд тухайн хүний мэргэжлээс хамаарч өөр өөр байх юм. Бид хоол, хувцас, орон байрыг хангахаас гадна их ажил хийлгэж, бага цалин өгөхгүй. Хөдөлмөрийн хуулийн дагуу үйл ажиллагаа явагдана.

Мөн бүтээн байгуулалтад гэрээгээр ажиллаж, гэрээнийх нь хугацаа дууссан үед тухайн хүн сахилга баттай, офицер ахлагчийн алба хаах журамд нийцэж байвал цаашид Монгол Улсын зэвсэгт хүчинд офицер, ахлагчаар ажиллах боломжтой. Харин хугацаат цэргийн алба хаагчдийг тангараг өргүүлж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургаж, дадлага хийлгэсний дараа тус ажилд оролцуулна.

Санал болгож буй ажлын байрууд: 

Инженерийн мэргэжлээр:
  1. Авто замын инженер
  2. Гүүр хоолойн инженер
  3. Тоо хэмжээний инженер
  4. Геодези, хэмжилтийн инженери
  5. Материал, чанарын инженер
  6. Лаборант /хөрсний/
Техникийн мэргэжлээр:
  1. Том оврын автомашины жолооч
  2. Бульдозерчин
  3. Автогрейдерчин
  4. Индүүчин, жолооч
  5. Усны машины жолооч
  6. Шанагат ачигчийн жолооч
  7. Өөөрөө буулгагчийн жолооч
  8. Трайллерийн жолооч
  9. Кранчин
  10. Экскаваторчин
Бүрдүүлэх бичиг баримт
  1. Иргэний үнэмлэх
  2. Мэргэжлийн үнэмлэх
  3. Төгссөн сургуулийн диплом
  4. Төрийн албан хаагчийн анкет
  5. Гурван хувь цээж зураг