Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна.
Тэрбээр Дорноговь аймаг дахь Улаанбаатар төмөр замын Зүүнбаян өртөөний өргөтөл хийх хэсэгт очиж, ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Төрийн тэргүүнийг Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р ангийн цэргийн хүрээ угтав.
Зүүнбаян өртөө нь 1984 онд баригдсан бөгөөд галт тэрэг хүлээн авах, явуулах 850-1,100 метр урттай 3 замтай, 8 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн танилцуулснаар өртөө нь 2018 онд 1,433 вагон нефть, нүүрс, элс зэрэг 84,296 тонн ачаа ачжээ. Энэ нь бусад өртөөтэй харьцуулахад ачаалал багатайд тооцогдох юм байна.
Харин Тавантолгой чиглэлийн төмөр замтай холбогдоход тээврийн ачаалал эрс нэмэгдэх тул эхний ээлжинд Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47 км төмөр замд шинэчлэл хийх шаардлагатай юм байна. Ажлын төлөвлөгөөнд тусгаснаар ирэх жилээс их засвар, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ гэв. Үүнд 37.7 тэрбум төгрөг шаардлагатайг Улаанбаатар төмөр зам өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм байна.
Мөн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгой чиглэлд төмөр зам тавих ажлыг эхлүүлэхийн тулд Үе угсрах бааз байгуулахаар буюу төмөр зам угсралтын эхний бэлтгэл ажлыг эхлүүлж, зураг төслөө боловсруулж байгаа гэлээ. Мөн өртөөнд нэмж ачаа буулгах, ачих 2 терминал барих юм байна.
Өчигдөр /2019.05.23/ Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замын хамтарсан ажлын хэсэг дээрх асуудлаар хуралдаж замын чиг, холболтын цэгээ Зүүнхараа өртөөний 49.4 дэх километрт Тавантолгой чиглэлийн замыг холбохоор хамтарсан акт үйлджээ.
Мөн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлын зургийг зурж, эхний 50км замын зургийг боловсруулж, бүтээн байгуулалтыг хийх Зэвсэгт хүчний жанжин штабт хүлээлгэн өгсөн байна. Мөн дараагийн 50 км замын зургийг зурах ажилдаа оржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр мэдээлэлтэй танилцсаны дараа ТЭЗҮ болон ажлын зураг сайн хийгдсэн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, төмөр замын төмөр бетон дэрийг дотоодын үйлдвэрт угсрах зэрэг асуудлаар холбогдох албаныхантай ярилцав.
Зүүнбаян нь Дорноговь аймгийн нутагт орших тосгон бөгөөд Засаг захиргааны хувьд Сайншанд сумын нэг баг юм. Одоогоор 3,000 гаруй хүн амьдарч байгаа ч төмөр зам баригдсанаар хүн ам 2-3 дахин өсч, томоохон суурьшлын төв бий болно хэмээн үзэж байна.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!